Төрийн албанд тууз хайчлагчийн тусгайлсан орон тоо гаргах уу?
2021-10-25

Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд тавьсан 3.2 км замын ажил дуусч, тууз хайчлан нээв. Улсын хөрөнгөөр барьсан зам учраас яруу алдрыг нь дуурсгах ёстой биз, тиймдээ ч дарга нар нь тавьсан замаасаа урт тууз хайчлан, ёслол үйлдэв. Энэ ч дүүрч, уламжлал шахуу болсон үйлдэл. Мод тарихдаа ч тууз хайчилдаг донтой хүмүүсийн дэргэд бол бүтээн байгуулалт, яриад л өнгөрнө.

 

 

Бүр нүүр улалзуулдаг тууз хайчлалт бас байна. Хөвсгөл аймаг, Эрдэнэт хотод модон жорлон барьж дуусаад тууз хайчилж байлаа шүү дээ. Газар ухаж, нүх гаргаад, дээр нь модоор хийсэн жорлон байрлуулж дуусаад, тууз хайчлан ёслол төгөлдөр нээж байлаа, бас л бадрангуй шүү. Барьсан хүмүүс ард нь зогсож, бариулсан дарга нар алдар гавьяагаа бадрааж байгаа хэрэг л дээ.  

 

Туузыг зам барьсан, жорлон босгосон залуус биш дарга нар очиж хайчилдаг. Тэгэхээр дарга нараас тууз хайчлах нэмэлт ур чадвар шаардаж байя. Хаана очиж, ямар тууз хайчлах талаар сургаж, заая, бас л хаа хамаагүй тууж явдаг нөхөд шүү дээ.

 

Эсвэл бүр төрийн албанд тууз хайчлагчийн тусгайлсан орон тоо гаргая, шулуун. Модон жорлонгоос эхлээд зам тавих, байшин барих бүхэнд очиж, тууз хайчлаад явж байг. Нэгэнт тууз хайчлахаас татгалзаж чадахгүй байгаа хойно нэр төртэй алба болгон өргөжүүлэн, хөгжүүлсэн ч яадаг юм. Төрийн тууз хайчлагчдын алба ч юм уу.  

 

Тэгээд Төрийн албаны зөвлөл нь тусгайлан шалгалт авч, нөөц бүрдүүлээд, уламжлал болсон ёс заншлын утга учрыг алдагдуулахгүй өвлүүлэн авч яваг. Харин Төрийн албаны зөвлөл гэх нэр төдий байгууллагад энэ уламжлалыг маань утга учиртайхан аваад явах чадвар байдаг л байгаа даа, итгэж найдахад үнэхээрийн бэрх шүү дээ.

 

Та, биднийг коронавирусийн халдвараа тоолж суух хооронд төрийн албанд 1000 гаруй хүн нэмэгджээ. Хамгийн гол нь тэр хүмүүс төрийн албаны шалгалт шүүлэг өгөөгүй, ар өврийн хаалгаар дураараа орсон хүмүүс гэнэ. Товчхондоо Төрийн албаны зөвлөл ажлаа хийгээгүй гэсэн үг. Б.Энхбаяр гишүүний хэлдгээр энэ байгууллагын үлбэгэр, арчаагүй байдлаас болоод төрийн албанд 1000 хүн нэмэгдэж, улам данхайжээ. Ур чадвар, мэдлэг, мэргэжлийн тухай яриад ч хэрэггүй биз. Шалгалт өгөөгүй хүмүүсийн ямарыг хэн мэдэхэв. Тэдэн дунд мэдлэг, чадвартай хэсэг бүлэг бий байх. Гэхдээ багагүй хувь нь суудал бөглөгч, тууз хайчлагч гэдэгтээ маргах шаардлага алга.

 

Гадны туршлага хуулах дуртай бидэнд уг нь Сингапурын бэлээхэн зам байна, мэдлэгтэй, чадвартай хүмүүсээ төрд ажиллуулдаг. Харамсалтай нь манай мэдлэгтэй, чадвартай хүмүүс төрөөс зугтдаг. Учир нь мэдлэггүй, чадваргүй шахааны суудал бөглөгч, тууз хайчлагч нар алдар гавьяаг нь хүртдэг, ажил амжилтыг нь булаадаг учраас. Дээр нь чадвар, мэргэжил, мэдлэгээрээ амжилттай яваа хүмүүс ямар ч нэр хүндгүй, ялзарсан, үлбэгэр, сул доройчуудын эгнээнд орохыг хүсдэггүй. Тэгвэл иргэд яагаад төрийн үйлчилгээ авахаас халширдаг вэ. Мэдлэггүй, чадваргүйгээ их зангаар халхавчилсан хүмүүс энэ төрд ажиллаж, асар явдал, чирэгдэл, хүнд суртал үүсгэдэг учраас иргэд халширдаг, тойрдог.

 

Санаснаар болдог бол хувь, хувьсгалын хамгийн шилдгүүд энэ төрд ажиллах ёстой. Хэрвээ тийм байсан бол модон жорлон, 3 км зам, таван мод тарихдаа тууз хайчлахгүй байлаа. Шилдгүүд зөвхөн ажилладаг, тэдний алдар гавьяаг ажил нь харуулдаг. Харин чадваргүй сүгсэлзүүрүүд тууз хайчлаад ч болтугай харагдахгүй бол тодорч чадахгүй, яг л өнөөгийн манай дарга нар шиг.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Хунийг хийсэн бутээснээр нь бус шоугаар нь дугнэдэг асуудлаа хэзээ болих вэ
2021-10-29
Өмхий хүүрнүүд юмаа.
2021-10-25
Kkj:
Цалингүй тууз хайчлагчаар ажиллана.
2021-10-25
Zochin:
Zov l sanaa bn. Tuuz haichilagchdiig toroljuulehgui bol bolohgui bh l doo. Jishee ni jorlongiin, mod bulshlagchidiin, zam neegchidiin uul ovoo tahigchidiin,utaa tortog nemegchidiin, urlag uran saihanchidiin geh met. Harin KORONOOGOOR Burhan boloochidiin suulchiin zamd ni udekh eslold tuuz haichilagch baih ni zohimjgui tul hereggui bhoo. Busdaaraa bol olon oron too baih dhaardlaga garana. Uls.khot.duureg,horoo. horin, sum,bag jalga dov geed l ybj ogoh bh daa. Harin tsajing ni ahiuhan ogohgui bol TUUZAA haichilahgui tomrood baij medeh l ym. TUUZ HAICHILAGCHID mandtugai Olon tuuz haichilsanaar oron uls mini bas mandan badartugai.
2021-10-25
ТУУЗ ТАТВАРЫН МӨНГӨ:
тууз хайчлахад бас л татварын мөнгө урсана.
2021-10-25
Kkj:
Цалингүй тууз хайчлагчаар ажиллана.