ӨМӨЗО-ны Эзнээ хошуунд хөл хорио тогтоов
2021-10-25

Хятадад сүүлийн үед дахин коронавирусийн халдварын дэгдэлт гарч, шинэ тохиолдлуудын ихэнх нь Монголтой хиллэдэг Эзнээ хошуунд гарсан юм. Чухамхүү энэ бүс нутгаас үүдэлтэй халдварын тархалт нэмэгдсэн тул Эзнээ хошууг хөл хорионд оруулжээ. 

 

Хятадын CCTV телевизийн мэдээлснээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эзнээ хошуунд даваа гарагаас эхлэн хөл хорио тогтоож, 35 700 оршин суугчийг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан бөгөөд энэ журмыг зөрчвөл иргэний болон эрүүгийн хариуцлагад татагдахыг анхааруулсан байна. Монгол Улстай хиллэдэг энэ хошуунд сүүлийн үед Хятадад илэрсэн 150 гаруй тохиолдлын гуравны нэг нь бүртгэгдсэн тул ийнхүү хатуу арга хэмжээ авч байгаа аж. 

 

Ердөө долоо хоногийн дотор гэхэд л халдвар 11 бүс нутагт тархаж болзошгүй гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисс мэдэгдсэний дараа өдөр нь ийнхүү хөл хорио тогтоожээ. Даваа гарагт Хятадад коронавирусийн 38 шинэ тохиолдол илэрснээс тал хувь нь Өвөр Монголд бүртгэгдсэн байна.

 

Бээжин хотод ч мөн халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул халдвар гарсан бусад хот, суурингаас энэ хотыг чиглэсэн хүмиүүсийг оруулахгүй байгаа гэнэ. Харин Бээжинд ирэх нэн шаардлагатай хүмүүс хоёр өдрийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байхын дээр хотод ирснийхээ дараа 14 хоногийн турш эрүүл мэндийн хяналтад байх аж.

 

Бээжин, Өвөр Монгол, Ганшу, Ниншя бүс нутгуудад аялал жуулчлал явуулах, аяллын төмөр замын чиглэлүүдийг бүрэн хоригложээ. Эрх бүхий албан тушаалтнуудын мэдээлснээр, сүүлийн үеийн тохиолдлууд нь дельта штаммаар үүсгэгдсэн халдвар болох нь тогтоогдсон тул хатуу арга хэмжээ авч, халдварын тархалтыг хумихаар хичээж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин