Шахмал түлшний барьцалдуулагчийн 21 хоногийн нөөцтэй байна
2021-10-25

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, боомт хаагдсанаас манай улсын экспорт, импорт зогсоод байна. Үүнээс үүдэн хүнсний нарийн ногооноос эхлээд эм, эмнэлгийн зарим хэрэгсэл хомстож, тасалдах эрсдэлтэй тулгараад буй. Харин нийслэлийн гэр хорооллын айл өрхийн чухал хэрэглээ болох сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын нөөц, хангамжийн талаар Тавантолгой түлш компанийн ХМОНХХ-ийн мэргэжилтэн Г.Даваабаатараас тодрууллаа. 

 

 

-Эрээн боомт хаагдсанаас импорт зогсоод байна. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч бодисын нөөц хэр байгаа вэ?

 

-Өнөөдрийн байдлаар барьцалдуулагч бодисын 21 хоногийн нөөцтэй байна. Захиалсан бүтээгдэхүүн Хятадын Жининь хотоос ачигдсан байгаа. Харин Эрээн боомт хаалттайгаас хэрхэн татан авах асуудал яригдаж байна. Бусад боомт, тухайлбал Ханги, Мандал боомтоор авах талаар ярилцаж байна. 

 

-Дотоод үйлдвэрүүд хэрэгцээг хангах боломжгүй юу?

 

-Барьцалдуулагч бодис нийлүүлэх тендерт дөрвөн компани шалгарсан. Одоогоор хоёр компани бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Нөгөө хоёр компани нь туршилтын горимоор ажиллаж байгаа. Компаниудын хүчин чадлаас шалтгаалаад одоогоор 100 хувь дотоодоос хангах  боломжгүй байна. 

 

-Бэлэн түлшний нөөц хэр байгаа вэ?

 

-Одоогоор аюулгүйн нөөц 62 000 тонн байна. Мөн борлуулалтын 1510 цэгт 2000 тонн түлш байгаа. Цаг агаар их хүйтрэхгүй бол нэг сарын хэрэглээ болно. Харин ид хүйтэнд бол энэ нөөцөөр 21 хоногийн хэрэглээг хангах боломжтой.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин