Суданд төрийн эргэлт эхэлжээ
2021-10-25

Суданы нийслэл Хартум хотыг цэргийнхэн бүрэн бүсэлжээ. Иргэний нийгмийнхэн хүн амыг цэргийн эргэлтийн эсрэг зогсохын тулд гудамжинд гаран жагсахыг уриалж байгаа талаар Аль-Жазира мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэл рүү орох хэсгийг болон хотын гүүрүүдийг хаасан, зарим дүүрэгт интернет тасалжээ. Суданы цэргийн эрх баригчдыг эсэргүүцэгч сөрөг хүчний "Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэл" иргэдэд хандан гудамжинд жагсаж, "цэргийн эргэлтийг эсэргүүцэж байгаагаа зарлах"-ыг уриалсан байна. 2019 оноос хойш хоёр дахь цэргийн эргэлт эхэлж байна гэж энэ нэгдэл үзэж байгаа аж. 

 

Өмнө нь мэдээлж байсанчлан, энэ улсад зэвсэглэсэн хүмүүс Ерөнхий сайд Абдалла Хамдук болон өөр дөрвөн сайдыг баривчилсан юм. Улмаар Ерөнхий сайдыг гэрийн хорионд оруулсан байна.

 

2019 онд Суданд мөн л цэргийн эргэлт гарч, энэ үеэр Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагаж байлаа. Ингэснээр тус улсад Тусгаар зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах аль-Бурхан тэргүүтэй цэргийн, Ерөнхий сайд Абдалла Хамдукаар төлөөлүүлсэн иргэний гэсэн хоёр засаглал бүрдсэн юм. Энэ хоёр тал 2021 оны 11 дүгээр сар хүртэл шилжилтийн үе үргэлжилнэ гэж тохиролцож байсан ч ийнхүү байдал өөрөөр эргэжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин