МАН: Оюутолгойн талаар УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэл өгчээ
2021-10-25

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар хэвлэлийн хурал хийлээ. Тус бүлэг олон жил яригдсан ч шийдлээ олоогүй томоохон асуудлуудыг яаравчлах шаардлагатай хэмээн үзжээ. Тухайлбал, төмөр зам, шатахуун, агаарын тээвэр, хийн хоолойтой холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.

 

 

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улс хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын асуудал ярьж байна. Зүүнбаянгийн 416 км, Гашуунсухайтын 267 км баригдаж байна. Цаашид шинээр тавих төмөр замыг ашиглалтын концессын гэрээгээр барих шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил замаа бариад өөрөө ашиглана. Энэ зарчмаар Шивээхүрэнгийн төмөр замыг бариулах нь хэрэгтэй. Мөн зүүн чиглэлд Чойбалсан-Бичигт чиглэлийн замыг, мөн Богдхан төмөр замыг дандаа ашиглалтын концессоор бариулах нь зүйтэй байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл сонссон байна. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэгт УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлийг өгчээ.

 

2019 онд баталсан УИХ-ын 92 дугаар тогтоолд шаардлагатай гэж үзвэл 2015 оны Дубайн гэрээг хүчингүй болгох, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин