Х.Бодьсайхан: Хяналтгүй отор малын гоц халдварт өвчний шалтгаан болж байна
2021-10-26

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхантай ярилцлаа.

 

Энэ жил улсын хэмжээнд ямар ямар гоц халдварт өвчин бүртгэгдсэн бэ?

 

-2021 он гарсаар дөрвөн төрлийн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдсэн. Тодруулбал, шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, үхрийн арьс товруутах гэсэн дөрвөн төрлийн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдлээ. Үүнээс үхрийн арьс товруутах өвчнөөс бусад нь өмнө бүртгэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, үхрийн арьс товруутах өвчин нь энэ жил анх удаа манай улсад бүртгэгдэж байгаа бөгөөд наймдугаар сард Дорнод аймгийн Дашбалбар суманд анх илэрсэн. Уг өвчин нь өнөөдрийн байдлаар зүүн талын гурван аймагт бүртгэгдээд байна.

 

Мал амьтны гоц халдварт өвчин гэдэг нь олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг, улсын хил хязгаараас үл хамааран улсаас улсад дамжин халдварлах өвчнийг хэлдэг.

 

 

Он гарсаар шүлхий өвчний 13 аймгийн 76 суманд нийт 121 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс өнөөдрийн байдлаар  9 аймгийн 28 сумын 37 голомт хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.  Харин бог малын мялзан, хонины цэцэг өвчний хувьд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж өвчний гаралт зогссон. Үхрийн арьс товруутах өвчин нийт гурван аймгийн 20 сумын нутагт 60 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс одоогийн байдлаар 59 голомтод нь хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байгаа. Харин нэг голомт нь дэглэм бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн байна.  

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал ямар байна вэ?

 

-Өссөн. 2020 онд шүлхий өвчний зургаа, хонины цэцэг өвчний нэг тохиолдол тус тус бүртгэгдэж байсан. Харин бог малын мялзан өвчний тохиолдол бүртгэгдэж байгаагүй.

 

Ямар шалтгааны улмаас мал гоц халдвар өвчний гаралт нэмэгдэж байна вэ?

 

-Олон шалтгаантай. 2020-2021 онд Өвөрхангай, Дундговь, Баянхонгор зэрэг төвийн бүсийн аймгуудын зуншлага тааруу, өвөлжилт хүндрэлтэй байсан. Улмаар малчид зүүн бүсийн гоц халдварт өвчний эрсдэл бүхий аймгууд руу отор нүүдэл ихээр хийсэн. Отор нүүдлээр явсан айлууд 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн нутагтаа буцах нүүдэл хийгдсэн. Ингэхдээ мал эмнэлгийн бүртгэл хяналтад орохгүйгээр хийсэн нь гоц халдварт өвчин гарсан бүс нутгаас өвчлөлгүй бүс нутаг руу нүүж эрсдэл бий болгоод байна. Хяналтгүй отор нүүдэл, үржлийн малын хөдөлгөөн, мал, махны худалдаа зэрэг нь эрсдэл үүсгэдэг.

 

Энэ жил хэчнээн малыг гоц халдварт өвчний улмаас устгалд оруулсан байна вэ?

 

- Олон улсад хэрэгжүүлж байгаа аргачлал болон манай улсад батлагдсан хууль дүрэм, журмын дагуу зөвхөн үхрийн арьс товруутах өвчний лабораториор оношлогдсон болон ил шинж тэмдэгтэй үхрийг устгалд хамруулж өвчлөөгүй үхрийг дархлаажуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдөр буюу 2021 оын 10-р сарын 24-ний байдлаар нийт 1062 үхрийг утсгалд хамруулаад байна.

 

Малын  вакцинжуулалт хэд хэдэн сард хийгдсэн бэ?

 

-Өвчний онцлогоос хамаарна. Жишээлбэл, шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин зургаан сарын дархлаа тогтоодог. Тиймээс малыг жилд хоёр удаа шүлхий өвчний вакцинд хамруулах шаардлагатай гэсэн үг. 2019, 2020 онд өвчний гаралт эрчимтэй биш байхад хавар дөрвөн сард, намар арван сард шүлхий өвчний вакцин хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу бодлого зохицуулалтаа хийгээд явж байсан. Гэвч энэ жил вакцины худалдан авалт хойшилсон, отор нүүдэл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч төлөвлөгөө өөрчлөгдсөн. Өвчин гараагүй байхад урьдчилан сэргийлэхийн тулд төлөвлөгөөтэй дархлаажуулах арга хэмжээ хэрэгжүүлдэг. Өвчин гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ хэрэгжүүлэн ажилладаг.

 

Вакцины таталт авалт ямар шалтгааны улмаас хойшилсон бэ?

 

-Коронавирус халдварын улмаас хил гааль хаасан зэрэг олон шалтгаантай. Тухайлбал, шүлхий, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх хоёр төрлийн вакцин гаднаас худалдан авдаг. Вакциныг 4-5 хоногт агаарын замаар тээвэрлэн авдаг байсан. Гэвч коронавирусийн нөхцөл байдлаас хамаарч хугацаа хойшилж байгаа. Мөн санхүүжилт, гүйлгээний асуудал бий. Вакцины нэг худалдан авалт хийхийн тулд маш олон ажлууд хийгддэг. Өргөн газар нутагт олон малыг дархлаажуулах шаардлагатай болвол төлөвлөсөн вакцины хэмжээ хүрэлцэхгүй болох асуудал үүсдэг.

 

Энэ жил Засгийн газарт тогтоолын төсөл оруулж, вакцин нэмэлтээр худалдан авахаар гэрээгээ байгуулсан. Малын гоц халдварт өвчний хүрээг тэлэхгүй цаашлаад өвлийг өвчлөлгүй давж гарах зорилготой ажиллаж байна.

 

Өнөөдрийн байдлаар хэчнээн мал вакцинжуулаад байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад нийт 17 сая мал хамруулсан байна. Вакцины нөөц маш бага байна. Өөрөөр хэлбэл, гал унтраах хэмжээний багахан нөөцтэй байгаа.

 

Вакцины төлбөрийн тухайд?

 

-Гоц халдварт өвчний үед вакциныг төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж хуулинд заасан байдаг. Тиймээс малчдаас ямар нэгэн байдлаар төлбөр гарахгүй. Вакцины төлбөр гурван ангилалтай. Тодруулбал,

 

  • Улсын төсвөөс санхүүжүүлдэг

  • Орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг

  • Малчин өөрөө санхүүжүүлдэг

 

Малын гоц халдварт өвчнүүд улсын төсвөөс зардал гаргах ангилалд бий.  Малчин өөрөө санхүүжүүлнэ гэдэг нь үйлчилгээний хөлс, вакцины зардлыг малчин өөрөө хариуцна гэсэн үг.

 

Гоц халдварт өвчний эрсдэлтэй бүсээс бүртгэлгүй нүүж буй малчдад ямар хариуцлага тооцох вэ?

 

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулинд зааснаар зохицуулагддаг. Малын  халдварт өвчин гарсан тохиолдолд 12 цагийн дотор мал эмнэлэгт мэдэгдэнэ. Мал эмнэлгийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа тохиолдолд малаа бэлтгэх, хамруулах үүрэгтэй зэрэг тодорхой хуульчилсан байгаа. Хуулийн дагуу малчид хариуцлага хүлээх эрсдэл байдгийг анхаарах хэрэгтэй.  

 

Өвлийн улирал ямар ямар өвчин гарах эрсдэлтэй байдаг вэ?

 

-Судалгаагаар 1-3 сарын хугацаанд гоц халдварт өвчний тархалт хамгийн их идэвхжил өндөртэй байдаг. Учир нь хүйтний улиралд вирус гадаад орчинд удаан хадгалагддаг. Тиймээс вирусийн гаралтай өвчин дамжих, тархах эрсдэлтэй.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Naad maliin gots haldwart owcninoodotooddoo sain huanaj ustgaacnee Unencn uls bolj delhii dahind zarlaad muu deer muuhai muuhai deer ultsan gegcn boloh biz
2021-10-26