Египет шинэ нийслэлтэй болно
2021-10-26

Египет улс шинэ нийслэл төвхнүүлэхээр шийджээ. РГ агентлагийн мэдээлснээр, шинэ захиргааны нийслэлийн нэр, лого, уриа үг шалгаруулах тэмцээнийг Египетийн Зэвсэгт хүчний инженерийн удирдах газар зарласан байна. 

 

Шинэ нийслэл Каир хотоос 20 км зайд оршин бөгөөд энэ хотод тус улсын яам, парламент, төрийн байгууллагууд байрлах гэнэ. Эхний үед 700 кв.км талбайтай хотын хүн ам 5,5 сая, төрийн албан хаагч 40-50 мянга байхаар тооцоолжээ. Ирэх сарын 18-ны өдрийг хүртэл хүссэн хүн бүр шинэ хотын нэр, лого, уриатай холбоотой саналаа хүргүүлж болох гэнэ. Үүний дараа сонгон шалгаруулах хороо ялагчдыг тодруулж, тэднийг 10-50 мянган египет фунтээр шагнах аж. 

 

Египетийн шинэ хотод Африкт хамгийн өндөрт тооцогдох, 385 метрийн өндөртэй Iconic Tower барилга барихаар төлөвлөсөн байна. Харин 2026 онд Дубайн 828 метр өндөр Бурж Халифаас ч өндөр хөшөө барихаар төлөвлөжээ. 

 

Шинэ хотыг "ухаалаг хот" байхаар төлөвлөсөн бөгөөд дэд бүтцийг автоматаар удирдаж, барилгуудын дээвэр дээр нарны зай байрлуулах юм байна. Ухаалаг нийслэлд бүх төлбөрийг бэлэн бусаар хийх бол нэг оршин суугчид 15 кв метр ногоон байгууламж оногдохоор тооцоолсон байна. Энд байрлах Египетийн Батлан хамгаалах яамны байрыг Пентагоны барилгын зарчмаар төлөвлөсөн бөгөөд гэхдээ Пентагоноос хавьгүй том талбаөй эзлэх гэнэ. Мөн шинэ нийслэлд дэлхийн хамгийн том христийн сүм барихаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин