Н.Уртнасан: Монголын аялал жуулчлалын салбар гурван их наядын алдагдал хүлээлээ
2021-10-26

БОАЖЯ, МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгуулж буй “Монголын аялал жуулчлалын форум-2021” эхэллээ. Цар тахлаас шалтгаалан Монголын аялал жуулчлалын салбар 90 хувийн зогсолтод орсон. Энэ зогсолтын дараа аялал жуулчлалыг хэрхэн сэргээхийг салбарынхан хэлэлцэж байна.

 

 

Форумыг нээж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан үг хэллээ. Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас өмнө таамаглаж байгаагүй сорилттой тулгарч, даван туулах арга замыг эрэлхийлж байна. Энэ цар тахлаас аялал жуулчлалын салбар хамгийн их эрсдэлд орж, хохирол амсаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1600 орчим ААН эдийн засгийн хүндрэлийг даван туулах, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалж үлдэх асуудалтай тулгарлаа.  

 

 

...Аялал жуулчлалын салбарыг хурдан хугацаанд сэргээж, хэвийн нөхцөлд оруулахад олон асуудлаас сургамж авч, дүн шинжилгээ хий, цаг үеийн нөхцөл байдлыг зөв мэдэрч, хүрээлэн буй орчин сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийг оролцоог хангасан, соёлын өвийн хамгааллыг бэхжүүлсэн, инноваци, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Гадаадын жуулчдын урсгал сэргэх хүртэл бид юу хийх вэ

 

-Дотооддоо үйлчилгээний чанар, стандартаа сайжруулж, олон улсын зарим стандартыг нутагшуулах

-Хот, хөдөөгийн үйлчилгээний чанарын ялгааг багасгах

-Хүний нөөцийг хөгжүүлэх ажлуудыг цогцоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цаашид бид агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжин, олон улсын нислэгийн суудал, чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх ажлуудыг ЗТХЯ, авиакомпаниудтай хамтран хийх шаардлагатай байгаа"-г тэмдэглэлээ. 

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо өсөөгүй байна. 2011 онд 627 мянган хүн, 2019 онд 637 мянган хүн хилээр оржээ. Үүний шалтгаан нь манай улс эх орноо гадаад зах зээлд гаргаж чаддаггүй учраас Монгол руу хүн ирдэггүй. Монголын аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгааны төсөв 0.4 сая доллар байна. Энэ нь Монголын дундаж компанийн маркетингийн төсөвтэй тэнцэнэ. Говь ХК-ийн 2022 оны маркетингийн төсөв 20 сая ам.доллар. Гэтэл экспортын гол салбар болж, жилд 600 сая ам.доллар оруулж ирдэг аялал жуулчлалын салбарын маркенгийн төсөв 0.4 сая доллар байгааг бодох цаг ирснийг Дисковер Монголия Трэйвел ХХК-ийн захирал Б.Барсболд хэлж байна.

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин