С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 20 хувиар нэмэхээр ярилцаж байна
2021-10-26

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, хангамжийн нэмэгдлийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодрууллаа.

 

 

- Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх үү. 2022 оны төсөвт энэ талаар тусгасан уу?


 
-Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн. Эдгээрээсээ хамгийн зөв, эрүүл мэндийн ажилчдадаа ашигтай байх хувилбараар нь нэмэх тал дээр салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, сангийн яам зэрэгтэй зөвшилцөөд явж байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа төсөвт ч тусгуулан ажиллаж байна. 



-Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс цалинг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагаа тавьсан. Тэдний шаардлагыг биелүүлнэ гэсэн үг үү?


 
-Хэдэн хувиар нэмэх нь төсвийн чадамж, улсын мөнгө санхүүгийн байдал зэргээс хамаарч байна. Эхний ээлжинд 20 хувь нэмэгдүүлэх боломжтой гэдэг судалгааг бид гаргаад байна. Ингэхэд 145 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой. Энэхүү тооцооллоо хийгээд холбогдох газруудтай зөвшилцөөд төсвийн төсөлд тусгуулсан байгаа. 

 

-Цалинг 20 хувь нэмэхэд эмч, сувилагч нарын цалин яаж өсөх вэ? 


 
-Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшилд 56 мянган хүн ажиллаж байна. Тэдний 30 гаруй мянга нь улсаас цалинждаг. Хамгийн бага цалинтай буюу ТҮЭМ-1 шатлалаар цалингаа авдаг эмнэлгийн шил угаагч нар 547 509 төгрөгийн цалинтай. 20 хувиар нэмэгдүүлэхэд 657 010 төгрөг болно. Нэмэгдэл цалин, урамшуулалтайгаа 919 940 төгрөг болно. Эрчимт эмчилгээ, мэс заслын эмч нар одоо 885 763 төгрөг авч байгаа бол 20 хувиар нэмбэл 1,062,915 төгрөгийн цалин авна. Нэмэгдэл цалин, урамшуулалтайгаа дунджаар 1,658,147 төгрөгийн цалин авах болно. Энэ бол бүх хүмүүсийн цалинг тэгшээр 20 хувь нэмэгдүүлэх хувилбар юм.


Цаашид бүх хүнийн цалинг адил хэмжээгээр өсгөх нь зөв үү гэдгийг ярилцаж байна. Миний хувьд сайд болсон цагаасаа хойш хэлж байгаа нэг зүйл бол салбарынхаа цалингийн доод босгыг тогтоож өгье. Тухайлбал шил угаагч гэхэд эмнэлгийн даргаас хамааран 5 өөр шатлалаар цалинжиж байгааг болиулъя. Бүтээмжинд суурилсан цалинтай, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгоё. Эмнэлгүүд чадвартай мэргэжилтэнгээ дээшээ хэдэн ч төгрөгийн цалин авч болдог алхмыг бий болгоё гэж зорьж буй.


 
-Цалингийн доод шатлалтыг тогтооно гэдгийг тодруулахгүй юу?


 
-Өнөөдөр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, мэргэжлийн бусад ажилчид маань ТҮЭМ-ээр шатлагдаж цалинждаг. ТҮЭМ-ийн шатлал нь үндсэн 9 шатлалтай. Шатлал бүртээ 5 дэд хэсгүүдээр ялгагддаг. Аль шатлалаар цалинжуулах нь эмнэлгийн удирдлагын асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарынхан 45 шатлалд хуваагдан цалинжиж байна. Иймээс нэн тэргүүнд энэ олон шатлалыг арилгаж 9н л шатлалтай болгоё. Ингэж шатлалыг цөөрүүлэхийн зэрэгцээ шатлал бүрийн хамгийн өндөр хэсгүүдийг салбарынхаа хамгийн доод цалингийн жишиг болгон тогтоож өгье гэдэг тооцооллыг гаргасан юм. Ингэвэл эмнэлэг ажилчиддаа сайн цалин өгөх боломж нь бүрдээд явна гэсэн үг. Энэ нь цаашдаа бидний эхлүүлээд байгаа эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон тогтолцоотой уялдсан, манай салбарт маш их хэрэгтэй зохицуулалт болно гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Энэ тохиолдолд бидэнд 173 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэг болно гэж тооцоолсон.


 
-Тэгэхээр 2022 оны төсөвт цалинг нэмэгдүүлэх нь УИХ-ын асуудал болж байх шиг байна. Харин хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэдэг тооцооллоо салбарын сайдын хувьд гаргачихжээ гэж харж болох уу?


 
Яг тийм. Цалингийн доод шатлалыг тогтоох, босго цалинтай болгоход дахин хэлэхэд 173 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нь цалинг 3-14 хувиар нэмэгдүүлэх тооцоолол юм. Хэдийгээр нөгөө хувилбараасаа бага нэмэгдэж байгаа сонсогдож магадгүй ч энэ нь босго цалин л юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд эмнэлгийн удирдлагууд цалинг өсгөх гэхээр хязгаарлаад байгаа эрх зүйн зохицуулалт засагдана гэсэн үг юм. Тэгэхээр нөгөө л яриад байгаа хэн хөдөлмөрлөнө тэр илүү цалин авах эрх зүйн зохицуулалт нээгдэнэ. Харин бүгдийг ижилхэн 20 хувь нэмэгдүүлэхэд 145 тэрбум шаардлагатай. Гэхдээ аль ч тохиолдолд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэн манай салбарын хувьд оношийн бүлгээр олгогдож байгаа өртгийн жинд цалингийн нэмэгдлийг тусгах гээд хэд хэдэн ажлуудыг хийгээд ажиллаж байна да. Тэгэхээр төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хууль батлагдвал бид дараа дараагийн ажлаа хийгээд явна л гэсэн үг.

 

Эх сурвалж: ЭМЯ

Shuud.mn
Сонин хачин