Монголын эзэнт гүрний түүхийг дижитал хэлбэрээр үзэх боломж бүрдлээ
2021-10-26

Орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг дагаад түүхэн дурсгалт үзвэр, олдворуудыг бид виртуал, дижитал байдлаар үзэх боломжтой болжээ. Монголын Үндэсний Музей болон Зэв Дижитал Музейн хамтарсан “Монголын эзэнт гүрэн” дижитал танхимийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

 

 

Нээлтийн үеэр Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн “Музей бол хүний хөгжлийн орон зай болж байдаг учраас нийгмийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байдаг. Манай соёлын яамны зүгээс музейн хөгжлийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг таниулах, нийгмийн үүргийг нь тодорхойлох үүднээс эрх зүйн орчныг нь боловсронгуй болгосон. Сүүлийн үед дэлхий дахины хөгжлийн чиг хандлагад нийцсэн олон үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа. Үүний нэг тод жишээ нь Монголын Үндэсний Музей гэж харж байна. Сүүлийн жилүүдэд музейнүүдээс зохион байгуулж байгаа олон арга хэмжээг дэмжиж, дижитал буюу цахим орчинд хил хязгааргүй хүмүүст хүрэх боломжийг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч байна” гэдгийг онцолсон юм.

 

 

Монголын Үндэсний Музейн гуравдугаар давхарт байрлах Монголын эзэнт гүрний танхимын үзмэрүүдийг Зэв аппликейшний тусламжтайгаар QR кодыг таниулж үзэх боломжтой болжээ. “Монгол ахуй”, “Өрлөг жанжид тулааны тактик”, “Их Монгол Эзэнт Гүрэн” гэсэн гурван бүлэг бүхий дижитал үзмэрийг сонирхож болох нь ээ. Эртний баатартай зураг татуулах ч боломжтой байв. Үүнд гол үүргийг гүйцэтгэсэн чадварлаг хамт олон бол Мифокс анимейшн студийн залуус гэдгийг дурдах хэрэгтэй. “Монголын эзэнт гүрэн” дижитал танхимд дэлгэгдсэн олдворууд дээр тулгуурлан 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашигласан байна. VR технологийн тусламжтайгаар Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан хотыг сэргээн босгож харуулж байв. Яг л тухайн цаг үед очсон мэт мэдрэмжийг авах боломж бүрдсэн нь энэ. Харин AR технологийг ашиглан монголчуудын эртний эд хэрэгсэл, гоёл чимэглэл, соёлын биет өвүүдийг үзэж, тэдгээрийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэргийг багтаасан тайлбарыг сонсож болох аж.

 

 

Монголын Үндэсний Музейн захирал Л.Жаргалтай дижитал үзмэрийн талаар цөөн хором ярилцлаа.

 

Юун түрүүнд “Монголын эзэнт гүрэн” дижитал танхимийн нээлтээ хийж байгаад баяр хүргэе?

 

Маш их баярлалаа. Үнэхээр сэтгэл өндөр байна. Цаг заваа гаргаж ирсэн та бүхэнд баярлалаа.

 

Өмнө нь үзэгч, жуулчдад музейн үзмэрүүдээ тайлбарлаж үзүүлдэг байсан бол энэ цар тахлын үед дэлхий дахины хөгжил өөр болж байна. Яг энэ цаг үед цахим дижитал хэлбэрээр түүх соёл, уламжлалаараа бахархах дэвшилтэт контентуудыг бий болгох шаардлага бий болж байна. Хүмүүсийн санал, сэтгэгдлүүдийн үндсэн дээр олон жил судалсаны дүнд Зэв Дижитал Музейтэй хамтран Соёлын яамны дэмжлэгтэйгээр энэхүү дижитал танхимыг бий болгож, арга хэмжээгээ зохион байгууллаа. Эзэнт гүрний үеийн олдвор, түүхэн дурсгалт бүтээлүүдийг ийн дижитал болголоо.

 

 

Нийт хэдэн танхимтай вэ?

 

Байнгын үзүүлэнгийн есөн танхимтай, түр үзэсгэлэнгийн нэг танхимтай. Цаашдаа бусад танхимуудаа мөн адил дижитал виртуал болгох олон ажлуудыг хийнэ. Төлөвлөсөн ажил олон байна.

 

Энэхүү танхимыг дижитал виртуал болгосон нь залуучуудад илүү чиглэсэн үйл ажиллагаа болж гэж харлаа?

 

Тэгэлгүй яахав. Ялангуяа залуучууд өв соёлоо дээдлээсэй, ёс заншил, уламжлалаа эргэж нэг хараасай , сонирхоосой гэдэг үүднээс зохион байгуулсан гэж болно.

 

О.Төгөлдөрмаа

 

 

Shuud.mn
Сонин хачин