Хятад Талибаныг дэмжив
2021-10-26

АНУ болон Барууны бусад орнууд "Талибан" хөдөлгөөний эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцалж, тэдэнтэй хамтран ажиллах ёстой гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ. 

 

"Өдгөө Афганистаны нүүр тулж буй хмүүүнлэгийн бэрхшээлүүдэд Хятад улс ихээхэн ач холбогдол өгч байгаагийн дээр АНУ болон Барууны орнуудыг хориг арга хэмжээгээ цуцлахыг уриалж байна" хэмээн Ван И мэдэгджээ. Түүнчлэн Афганистаныг хөл дээрээ босоход нь туслахын тулд талибуудтай хамтран ажиллах ёстой хэмээн онцолсон байна.

 

Ван И сайдын өгүүлснээр, Хятадын тал Афганистаны эдийн засгийн хөгжил, алан хядах ажиллагаатай тэмцэх, хүмүүнлэгийн салбар болон удирдлагын салбарт туслахад бэлэн байгаа гэнэ. Талибан Афганистаны угсаатны бүлгүүдэд нээлттэй, эрх тэгш хандах бодлого баримталж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаална гэж Хятад улс найдаж байгааг Ван И цохон тэмдэглэсэн байна.

 

Эргэн сануулахад, олон улсад алан хядах бүлэглэл гэж тооцогддог "Талибан" хөдөлгөөн наймдугаар сарын 15-ны өдөр Кабулыг эзлэн авснаар Афганистанд бүрэн хяналтаа тогтоосноо зарласан юм. Тэд удалгүй түр засгийн газар байгуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт талибуудын төлөөлөл Москвад очиж, Оросын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзсан байна. Энэ нь Орос, Хятадаар дамжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ээлжит нэг оролдлого гэж шинжээчид үзэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин