Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэн авах боломжтой
2021-10-26

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Зөвлөлийн хурлын эхэнд Газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн юм. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг улсын хэмжээнд хөгжүүлэн, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж буй. Улмаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийн материалыг тоон хэлбэрт шилжүүлж, нэгдсэн санд бүртгэж, албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болох зэрэг шинэчлэлийн ажил хийж байна. Тус ажлын хүрээнд шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, иргэдийн дарааллыг бууруулах, шат дамжлагыг цөөлөх үүднээс хөгжүүлэлт хийжээ. Мөн газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг ашиглан, үнэ төлбөргүй өөрсдөө хэвлэн авах боломжтой болсон.

 

Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгаа зэрэг бичиг баримт дээр 8-10 гарын үсэг зурагддаг. Мөн захирамж гарснаас хойш газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг авахын тулд 10-14 хоног хүлээдэг, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастр үнэт цаасан дээр хэвлэгддэг байсан бол одоо интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан үнэ төлбөргүй, А4 хэмжээтэй цаасан  дээр нэг минутын дотор хэвлэж авдаг болсноор улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болжээ. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нь Төлөвлөлтийн, газрын биржийн, Үнэлгээ, татвар, төлбөрийн, Кадастрын, Хаягийн, Мониторингийн гэсэн дэд системээс бүрдэнэ.

 

 

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Мөн тус цахим системийг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бодлогын бусад бичиг баримттай уялдуулах шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцолж байв. Одоогийн байдлаар нийслэлийн бүх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг программд оруулаад байгаа гэнэ. Цаашид газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно. Программын ачаалал үүсэх учраас серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг ч онцоллоо. Хэлэлцсэн асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

 

10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэхийг дэмжив

 

 

Үүний дараа Нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах талаар нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай хэлэлцлээ. Энэ хүрээнд нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт нийт 17 байршлын 10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэх асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн юм. Тодруулбал, Баянгол дүүрэгт нэг байршлын 0.22 га, Сонгинохайрханд гурван байршлын 1.91 га, Сүхбаатарт таван байршлын 1.70 га, Хан-Уул дүүрэгт дөрвөн байршлын 6.04 га, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршлын 0.77 га газар байна. Энэ асуудалтай холбоотой Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарч, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхийг  Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт үүрэг болгов.

 

Сүүлийн гурван жилийн хугацаанд 91 байршлын 197.82 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэжээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин