Монголын аялал жуулчлалын салбарын "Амь аврагдах" гарц
2021-10-27

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” урианы дор зохион байгууллаа. Уг форумд төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл цахим болон биечлэн оролцсон юм.

 

Энэхүү форумаар коронавирус халдварын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа, жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд, зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл, мэдээллүүд хийгдэж, тухайн асуудлуудыг хэлэлцсэн байна.

 

Нийт ажиллагсдынхаа 70 хувийг цомхтгосон

 

Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат:

 

-Өнөөдрийн байдлаар нийт ажиллагсдынхаа 70 хувийг цомхтгосон. Манай салбарт нийт 45 мянган хүн ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар 13-15 мянган хүн ажиллаж байна. Орлогын хувьд 2019 онтой харьцуулж үзвэл 83 хувиар буурсан.  

 

Коронавирусийн давах гэдэг нь ганцхан зочид буудлын салбарын бизнес эрхлэгчдийн хийх зүйл биш. Хамтын үйл ажиллагаа маш чухал. Аялал жуулчлал болон зочид буудлын салбарууд нь хүнс, даатгал, банкны үйлчилгээ, авто тээвэр гэх мэт олон салбартай хамтарч ажилладаг. Тиймээс системийн хувьд нэгдэж бусад салбаруудтайгаа хамтарснаар амжилттай байна. Үүний тулд “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг зохион байгуулж, ярилцаж байгаа. Аялал жуулчлалын салбар хоёр жилийн хугацаанд зогсонгибайдалтай байсан. Төр засгийн зүгээс  тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх, татварын бодлогоор дэмжих зэрэг дэмжлэг үзүүлвэл аялал жуулчлалын салбар хөгжинө. Төрийн шийдвэрээр хил хаагдаж, бизнес зогссон учир тодорхой хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг Засгийн газарт олон удаа уламжилсан. Харамсалтай нь “одоогийн байдлаар нэг салбарыг тусгайлан авч үзэх боломж байхгүй” гэсэн хариулт өгсөн.

 

 

Ажилчдаа цомхтголгүй, хагас цалинжуулж байна

 

Нью жуулчин турс ХХК-ийн ерөнхий захирал Ш.Нэргүй:

 

-Цар тахал аялал жуулчлалын салбарт гамшиг бий болгож байна. Амьдрахын тулд бүхий л нөөц боломжоо ашиглаж, ажиллаж байгаа. Манай компани нийт 60 гаруй ажилтантай. Цар тахлын энэ үед ажилчдаа цомхтгоогүй. Харин хагас цалинжуулж байна. Бид ажилчдаа авч үлдэх, дараагийн зах зээлд бэлтгэж, сургалтад хамруулахад анхаарч байгаа.

 

Манай компани 2002 онд байгуулагдсан. Коронавирус цар тахлаас өмнө жилд дунджаар 10.000 жуулчин хүлээж авдаг байсан. Бид шинэ нөхцөлд дасан зохицох, хэвийн байдалдаа хурдан шилжих  зорилт тавин ажиллаж байна. Тодруулбал, 2022 он гэхэд 2019 онд авч байсан жуулчдынхаа 30 хувийг, 2023 онд дахин 30 хувиар, 2024 онд 40 хувиар нэмэгдүүлж, хэвийн байдалдаа шилжих зорилготой. Өөрөөр хэлбэл, 2024 онд цар тахлын өмнөх хэвийн байдалтайгаа дүйцэх хэмжээний жуулчин хүлээж авна гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

Энэ онд Монгол жуулчдаа гадны улс орнууд руу аялуулах ажлыг зохион байгууллаа. Тухайлбал, Турк, Дубай, Тайланд руу Монгол жуулчдаа аялуулж байгаа. Энэ нь бидний орлогод тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Одоогийн байдлаар Турк руу 400 гаруй жуулчин аялуулжээ. Бид 2000 орчим жуулчин гадагшаа аялуулах төлөвлөгөөтэй.  

 

Ихэнх улс орнуудад коронавирусийн үед аялал жуулчлалын компаниудынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд төрөөс тодорхой тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг царцаах, хөнгөлөлт тусламж үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх зэрэг олон орны туршлага бий. Энэ асуудлын талаар Засгийн газарт удаа дараа санал дэвшүүлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар эдийн засгийн тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Өнөөдрийн форумаас тодорхой санал санаачилга гарах байх гэж найдаж байна.

 

 

Аялал жуулчлалын салбар 2024 он гэхэд хэвийн нөхцөл байдалд шилжинэ

 

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ:

 

-Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой Монгол Улс 2021 оны долдугаар сарын 01-нээс хилээ нээсэн. Төрийн болон Төрийн бус байгууллага, аялал жуулчлалын  компаниуд хамтдаа хариуцлагатайгаар жуулчдынхаа урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээний зорилго юм. Манай улс 2019 онд 600 мянган жуулчин хүлээн авч байсан. Дэлхийн аялал жуулчлалын судлаачид 2024 он гэхэд хэвийн нөхцөл байдалд шилжинэ гэсэн судалгаа гаргасан байна.

 

Олон улсын аялал жуулчлалын салбар хэрхэн өөрчлөгдөж, ААН-үүд ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа зэрэгт судалгаа шинжилгээ хийж байна. Бид хэрэгжүүлж болох туршлагууд ч байна. Жишээлбэл, БНСУ технологийн салбар, соёл уламжлал дээрээ суурилсан олон контентуудыг хүргэж байна. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан судлаачдын судалгаанаас үзвэл үндсэн найман чиглэлээр дэлхийн бүх улс орны аялал жуулчлалын чиглэлийг тодорхойлж байгаа. Тодруулбал, татвараас чөлөөлөх, ажлын байр хадгалах, тусламж зээлийг олгож байна.

 

Тусгаарлалтын арга хэмжээг зогсоосноор нислэг, зорчигч урсгалын сэргэлт үүснэ

 

ИНЕГ Агаар тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр:

 

-2019 онтой харьцуулбал зорчигч тээвэр 74 хувь, нислэгийн тоо 50-60 хувийн уналтад ороод байна. Орон нутаг агаарын тээврийн зах зээлгүй болсон гэхэд хилсдэхгүй байх. Өөрөөр хэлбэл, орон нутагт нислэгээр хүн зорчихгүй байна.

 

Монгол Улсын Засгийн газар зургадугаар сарын 01-нээс олон улсын хилээ нээсэн. Үүнтэй холбогдуулан олон улсын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, цагийн хуваарьт оруулж, ердийн нислэгийг эхлүүлэх ажлууд тавдугаар сараас хойш тогтмол хийгдэж байгаа. Үүний үр дүнд Монголыг зорьдог, Монголоос гадагшаа гардаг нийслэгүүдийн зорчигчийн тоог ИНЕГ, Зам тээврийн яамнаас тогтмол нэмэгдүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар он дуустал агаарын тээврийн цагийн хуваарийг төлөвлөж, нислэгийг хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Арваннэгдүгээр сарын 01-ний дотор 2022 оны эхний гурван сарын олон улсын нислэгийн цагийн хуваарь батлагдана. Цагийн хуваарийг хол болон уртаар баталснаар агаарын тээвэр сэргэх боломж нь бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, бизнесийг уртаар төлөвлөх боломж нээгдэнэ. Аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн манай улс албан ёсоор тусгаарлалтын арга хэмжээг зогсоосон. Уг шийдвэр нь тодорхой хэмжээний нислэг, зорчигч урсгалын сэргэлт үүснэ гэж тооцоолж байна.

 

 

Он гарсаар 35 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

 

МИАТ ХК-ийн Бизнес төлөвлөлтийн албаны дарга Н.Батдарь:

 

-Манай компани 2019 онд 20 мянган цагийн нислэг үйлдсэн байсан.  Харин 2020 онд олон улсын нислэг 85 хувиар, 2021 онд 70 орчим хувиар буурсан.  МИАТ компани цар тахлаас өмнө өдөрт дунджаар 10-20 нислэг үйлддэг байсан. Харин одоо долоо хоногт ачаа тээврийн таван нислэг үйлдэж байна. Мөн зорчигч тээврийн нислэг сард 20, Оюутолгой чиглэлд долоо хоногт дөрвөн нислэг үйлдэж байгаа. Нийтдээ сард 50 нислэг үйлдэж байна. Төрөөс баримталсан бодлогын дагуу цомхотгол хийгээгүй. Харин цалин багасгах, нэмэгдэл урамшууллаа хасаж, хэмнэж ажилласан.

 

2020 онд 58 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Он гарсаар 35 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ онд нийт 55 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарсан. Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас 2024 онд гэхэд 2019 онд байсан шиг хэвийн түвшинд хүрнэ гэсэн таамаглал гаргасан. Монголын зах зээлийн онцлогыг судалж үзэхэд 2022 оноос 2023 оны эхний хагас гэхэд цар тахлын өмнөх хэвийн түвшиндээ хүрнэ гэсэн тооцоо гаргасан.

 

Аялал жуулчлалын холбоотой хамтарч Анталия, Пукет зэрэг монголчуудыг хүлээж авах боломжтой газрууд руу нислэг үйлдэж байгаа. Үүний МИАТ ХК дангаараа хийхээс илүүтэй Аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын компаниудтай хамтарч хэрэгжүүлж байна.

 

2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн БНХАУ болон Европыг холбосон карго ачаа тээвэрлэлт гүйцэтгэж, орлого үүсгэсэн. Манай улс руу чиглэсэн карго ачааны хувьд БНСУ-аас долоо хоногт хоёр удаа нислэг Парис, Франкфурт, Берлин зэрэг газруудаас карго ачаа авч байна.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин