Коронавирусийн тухай ХОЦРОГДСОН 5 ойлголт
2021-10-27

Дэлхийн дахиныг бүрхсэн коронавирусийн халдвартай хүн төрөлхтөн өмнө нь тулгарч байгаагүй, шинэ халдвар тул энэ өвчний талаарх ойлголтууд цагийн эрхээр өөрчлөгдсөөр байгаа юм. Сүүлийн жилд няцаагдсан, өөрчлөгдсөн ойлголтуудын талаарх ВВС болон Вести агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 

 

Хоцрогдсон ойлголт 1. Ковид яг ханиад шиг


Цар тахал дөнгөж эхэлж байхад коронавирусийн халдварын гол шинж тэмдэг нь бусад амьсгалын замын халдварын адил хуурай ханиалга, халуурах шинж тэмдэг гэж үзэж байлаа. Энгийн томуугийн үед вирусийн хэсгүүд ам, хамар гэсэн  амьсгалын дээд замаар дамжин биед орж, хамар залгиурын хөндийд үржин, дараа нь доошилж, хоолойд орон, хамгийн сүүлд уушгиинд ордог. 

 

Харин коронавирус нь энгийн нэгэн амьсгалын замын халдвар биш, онцлогтой өвчин гэж эмч нар анхааруулсаар байгаа юм. Биед нэвтрэхийн тулд энэ вирус АСЕ2 рецептор ашиглах бөгөөд энэхүү уураг нь коронавирус нэвтрэх гол хаалга болдог аж. Коронавирусийн S уураг нь АСЕ2 рецептортой холбогдон , халдвар үүсгэдэг гэнэ. АСЕ2 рецептор амьсгалын замын эрхтнүүдэд төдийгүй судас, зүрх, бөөр, элэг, гэдэс ходоодны зам, төв мэдрэлийн систем, тэр дундаа тархинд байдаг аж. 

 

Тиймээс коронавирус зөвхөн амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээгээд зогсохгүй бусад эд эрхтнийг ч өвчлүүлдэг юм байна. Цар тахал ид дундаа явж байхад  дотор муухай оргих, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг бүхий халдварын тохиолдлууд ч илэрч байлаа. Коронавирусийн халдвар хүндрэх үед элэг, бөөр өвчлөх, зүрхний өвчлөл үүсэх, мэдрэлийн системтэй холбоотой хүндрэлүүд ч гардаг аж.

 

Хоцрогдсон ойлголт 2. Коронавирус гадаргуугаар дамждаг тул бээлий өмсөх хэрэгтэй 

 

Цар тахал эхэлж байхад эрдэмтэд коронавирусийг төрөл бүрийн гадаргуу дээр үлддэг гэж үзэн, улмаар шуудангаар ирэх ачаа, илгээмжээр дамжин коронавирусийн халдвар авч болох эсэхтэй холбоотой яриа газар авч байв.

 

Халдвар ахуйн хавьтлын замаар дамжина, тэр дундаа нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бохирдсон бариул барьж, дараа нь хамар, амандаа хүрвэл коронавирусийн халдвар авах боломжтой гэж үзэж байлаа. Тиймээс ч олон нийтийн газар амны хаалт төдийгүй нэг удаагийн бээлий өмсөхийг зөвлөж байв

 

Харин тун удалгүй ахуйн хавьтлын замаар коронавирусийн халдвар авах магадлал тун бага гэдэг нь тогтоогдсон юм. Тиймээс одоо ДЭМБ олон нийтийн газар бээлий өмсөхийг зөвлөхгүй байгаа аж. 

 

Үүнийг тайлбарлах нь маш энгийн. Бээлий өмссөн байснаас үл хамааран аливаа боломж л гарвал вирус ам, хамар, бусад эрхтнээр дамжин биед орох нь тун хялбархан гэнэ. Та бээлий өмссөн ч бээлийгээ тайлмагц вирус арьсанд орох боломжтой аж. Тиймээс ДЭМБ ариун цэвэр сайн сахиж, гараа ойр ойрхон угааж, халдваргүйжүүлэгч ашиглахыг сануулж байгаа юм. 


Хоцрогдсон ойлголт 3. Ковидын халдвар аваад эдгэрсэн нь илүү амар 

2020 оны дундуур коронавирусийн халдварын дараа урт хугацаанд сөрөг нөлөө ажиглагдана, биеийн байдал хурдан хугацаанд хэвийн болохгүй гэсэн мэдээлэлд хүмүүс итгэдэггүй байсан бол өдгөө “удаан ковид” гэх ойлголтыг ДЭМБ албан ёсоор зөвшөөрчхөөд байгаа юм. 


Британийн Үндэсний статистикийн газрын мэдээллээр, халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн 3-12 хувь нь гурван сарын дараа ч бие нь сайжрахгүй, таагүй мэдрэмж мэдэрч байгаа гэнэ.

 

Энэ байдлыг “удаан ковид” гэж нэрлэх болсон бөгөөд үүний гол шинж тэмдгүүд нь амьсгал давчдах, амьсгал авахад хүндрэлтэй болох, байнга сульдах, тархины үйл ажиллагаа алдагдаж, төвлөрөх, санах ой муудах зэрэг шинж тэмдгүүд байдаг аж. Удаан ковидын 200 гаруй шинж тэмдэг байх бөгөөд тэдгээрийн ихэнх нь хүнийг хэвийн ажиллаж, амьдрахад саад учруулдаг юм байна. 


Хоцрогдсон ойлголт 4. Сүргийн дархлаа үүсвэл вирус устана 

Хүн амын 60-70 хувьд нь сүргийн дархлаа үүсвэл цар тахал үгүй болж, дараа нь халдварын тохиолдол буурч, огт гарахгүй болно гэж халдвар судлаачид, олон орны засгийн газар үзэж байлаа. 


Үнэхээр ч сүргийн дархлаа хүн төрөлхтнийг олон халдварт өвчнөөс аварч байсан юм. Гэхдээ ковидын тухайд сүргийн дархлаа дэлхийг аврахгүй гэдэг нь ойлгомжтой болжээ. Вирусийн шинэ хувилбарууд үүсч, сүргийн дархлаа тогтоох босго байж болшгүй өндөр болов. 


Америкийн халдварт өвчин судлалын нийгэмлэгийн тооцоолсноор дельта хувилбар тархаж байгаа үед хүн амын дор хаяж 80-90 хувь нь дархлаатай болсон нөхцөлд сүргийн дархлаа тогтох гэнэ. Ийм үр дүнд хүрнэ гэдэг тун хүнд. 


Дэлхийн анагаах болон судалгааны томоохон төвүүдийн нэг болох Америкийн Mayo Clinic судалгааны төвийн захирал Грег Поландын өгүүлснээр, дэлхий нийт хүн амынхаа 95 хувийг вакцинд хамруулсан ч хүн төрөлхтөн сүргийн даорхлаатай болж чадахгүй гэнэ. Коронавирус амархан мутацид орж, халдварлах чадвар нь илүү өндөр болж байгаа тул өвчний дэгдэлт гарсаар байна гэдгийг эрдэмтэн анхааруулжээ. 


Вакцинжуулалтын ачаар коронавирусийг дарж чадахгүй байж магадгүй гэж олон эрдэмтэн үзэж байгаа ч вакцинжуулалт нэн чухал, учир нь өвчний хүндрэлээс сэргийлэхийн дээр вирус цааш мутацид орох магадлалыг багасгана гэж онцолж байгаа юм. 


Хоцрогдсон ойлголт 5. Коронавирусийн халдварын дараа тогтсон дархлаа сул байдаг 

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсний дараа дархлаа 2-3 сар орчимд л хадгалагдана гэж цар тахлын эхэн үед эрдэмтэд болгоомжилж байлаа. Азаар энэ таамаглал батлагдсангүй. 


Сүүлийн үеийн таамаглалаар бол халдварын дараа биед үүссэн дархлаа дунджаар 16 сар хадгалагдаж магадгүй гэнэ. Мөн зарим хүмүүст 17 жилийн хугацаанд ч хадгалагдах боломжтой гэсэн таамаглал гарчээ.

 
Гэхдээ одоогоор эцэслэсэн дүгнэлт байхгүй. Гагцхүү өвчлөөд эдгэрсний дараа эсвэл вакцинжуулалтад хамрагдсанаас 2-3 сарын дараа эсрэг биетийн тоо маш хурдацтай буурч байгаа нь л тогтоогдсон юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Г.Бямбасүрэн-d:
Г.Бямбасүрэн setguulch ee өвчлөөд эдгэрсний дараа эсвэл вакцинжуулалтад хамрагдсанаас 2-3 сарын дараа эсрэг биетийн тоо маш хурдацтай буурч байгаа нь л тогтоогдсон юм gej unen yum uu?
2021-10-27
өвчлөөд эдгэрсний дараа эсвэл вакцинжуулалтад хамрагдсанаас 2-3 сарын дараа эсрэг биетийн тоо маш хурдацтай буурч байгаа нь л тогтоогдсон юм. ene oguulber zuv yum uu setguulchee?
2021-10-27