Вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд байрны хонжвортой сугалаа зарлана
2021-10-27

ОХУ-д сүүлийн үед коронавирусийн халдвар болон үүнээс үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаатай холбогдуулан 10 дугаар сарын 28-наас эхлэн ажлын бус өдрүүдийг зарлахаар болсон юм. Энэ хугацаанд иргэдийг вакцинд идэвхтэй хамруулах үүднээс Москва хот байрны хонжвортой сугалаа зарлажээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд байр хожих сугалаа 10 дугаар сарын 27-ны өдөр эхэлж, таван долоо хоногийн туршид үргэлжлэх юм. Вакцин тариулсан оршин суугчдын дунд сугалаа зохион байгуулж, 10 байрыг азтануудад өгнө гэж Москва хотын дарга Сергей Собянин өмнө нь мэдэгдэж байсан. Түүний өгүүлснээр, энэ сугалаа нь хүмүүсийг вакцинд хамрагдах нэмэлт түлхэц болох гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн лхагва гараг бүрт хоёр байрны эзэн тодрох юм байна.

 

Вакцинд хамрагдсан хүмүүсийг урамшуулах энэ төрлийн арга хэмжээ өмнө нь ч Москва хотод зохион байгуулагдаж байлаа. Тухайлбал зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 11-ний хооронд вакцины эхний тунгаа тариулсан москвачууд автомашины хонжвортой сугалаанд оролцох боломжтой байсан юм.

 

Энд дуулгахад, халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Оросын эрх баригчид иргэдийг өөрийн болон ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалахын тулд вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсаар байна. ОХУ-д дархлаажуулалт үргэлжилж байгаа бөгөөд иргэд Орост бүртгэгдсэн "Спутник V", "Спутник Лайт", "ЭвиВакКорона", "ЭпиВакКорона-Н", "КовиВак" гэсэн таван вакцинаар үнэ төлбөргүй вакцинд хамрагдах боломжтой юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин