Талибуудын сулласан алан хядагчид Афганистаны толгойны өвчин болжээ
2021-10-27

Талибууд Афганистаны хорих газруудаас "Исламын улс" алах хядах бүлэглэлийн дайчдыг олноор нь сулласнаар энэ бүлэглэл Афганистанд үйл ажиллагаагаа эрс сэргээсэн гэж Афганистаны цахим хэвлэлүүд мэдээлжээ.

 

Пакистанд Афганистаныг төлөөлж байсан дипломат Ахмад Саидигийн өгүүлснээр талибууд Афганистаны шоронгуудаас "Исламын улс" бүлэглэлийн 800-1400 дайчин сулласан нь өнөөдөр тус улсын толгойны өвчин болоод байгаа гэнэ. 

 

"Ерөнхийлөгч Ашраф Ганигийн үед "Исламын улс"-ын мянга гаруй гишүүн шоронд байсан. Талибууд бүгдийг нь суллаж, тэр дундаа энэ бүлгийн толгойлогч, чухал хүмүүсийг сулласан бөгөөд одоо тэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна" хэмээн Саиди мэдэгдсэнийг Афганы "Эрх чөлөө радио" дамжуулжээ.

 

Өмнө нь, Афганистаны төлөөлөгчдийн танхимын батлан хамгаалахын дарга асан Мир Хайдар Афзали  "Исламын улс" бүлэглэлийн Афганистаны салбар байр сууриа бэхжүүлэхээр хичээж байгаа талаар мэдээлж байлаа.

 

"Исламын улс бүлэглэл Афганистаны хойд болон баруун хэсгүүдэд залуусыг элсүүлэхээр хичээж байна. "Исламын улс"-ын хамгийн аюултай гишүүдийг өмнөх засгийн газар баривчлан хорьсон ч талибууд тэднийг суллан, одоо энэ суллагдсан аюултай хүмүүс залуусыг хамтран ажиллахыг уриалж байгаа юм" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ.

 

Афзалигийн өгүүлснээр, "Исламын улс" бүлэглэл одоогоор зэвсэглэлээ сайжруулаагүй байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөж мэдэх гэнэ.

 

Энд дуулгахад, талибууд наймдугаар сард Афганистаны эрх мэдлийг гартаа авсны дараа энэ улсад хэд хэдэн алан хядах ажиллагаа гарч, үүний хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл өөр дээрээ авч байлаа. Саяхан гэхэд л Кундуз, Кандагар дахь шийтийн сүмүүдэд халдлага болж, 100 гаруй хүн амиа алдсан юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин