Хакас улс хөл хорих цаг тогтоов
2021-10-27

ОХУ-д коронавирусийн халдвар болон түүнээс үүдэлтэй нас баралт эрс нэмэгдсэний улмаас 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлын бус өдрүүдийг зарласан юм. Харин үүнээс гадна нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авахаар болсон Оросын анхны бүс нутаг нь Хакас улс болжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Бүгд Найрамдах Хакас Улсын тэргүүн Валентин Коновалов хөл хорих цаг тогтоох шийдвэр гаргасан байна. Ингэснээр 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын долооны өдрийг дуустал 22.00-06.00 цагийн хооронд иргэд оршин байгаа газраасаа гарч болохгүй, хөл хорио тогтоох аж. 

 

Түүнчлэн энэ хугацаанд нийтийн хоолны газрууд танхимаар үйлчлэхгүй, гагцхүү хоол авч явахаар үйлчлэх гэнэ. Мөн Абакан, Саяногорск, Черногорск хотуудад нийтийн тээврийн хэрэгслийг зогсоох юм байна.

 

Энэ өдрүүдэд эмийн сан, хүнсний дэлгүүр эмнэлгийн байгууллагууд л ажиллана гэдгийг анхааруулжээ. Мөн ажлын бус өдрүүд зарласантай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоох боломжгүй байгууллагууд ажилтнуудынхаа 50-иас багагүй хувийг цахимаар ажиллуулахыг даалгасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин