Бие чинь болъё
2021-10-27

Сонсоод л сонсголонтой, учир утгатай, цаашлаад гүн ухааны нэр томъёо, үг хэллэг, өгүүлбэр болон өгүүлэмж утгас буй. Учир тийн бөгөөс "Бие чинь болъё" хэмээх энэ сод сонин нэр хийгээд нэрийн цаад утгаас үүдэж мөхөс би бээр үл өгүүлэн өгүүлбээс, Буддын гүн ухаанд арван ухааны орон буйгаас "Бүжиг дууриал”1-ын ухаан хэмээх нэгэн бүлэг ухааны орон буй. Бүжиг дууриалын ухаанд амнаас дуулал эгшиглүүлэх, гараар хөгжим дэлдэх, биеэр бүжиг бүжих хэмээх тэргүүтэн багтана. Үүний тухай "Бүжиг дууриалын шастир"2 хэмээх үлгэр, домог, түүх тэргүүтний яруу өгүүллийн асуулт, хариултын үүднээс бүжиг, наадам үйлдэх ёсыг үзүүлсэн ном нугууд буй.

 

 

Басхүү Буддын тантрын ёсонд баатар, дагинасын номын хурим өргөх ёсны бүжиг дууриал болон номын сахиулсан нугуудын "гарчам" буюу "бүжиг харайх" сэлт нарийн ёс дэгтэй сургууль уламжлал байдаг. Манайхны хэлж заншсан "цам" гарах хэмээх нь "гарчам”3 хэмээх нэр томъёоны "чам4" хэмээхийг салгаж дуудсанаар монгол хэлэнд сунжирч "цам" хэмээх болжээ. Цамын тухай Их хүрээний Хамба Номуун Хан Агваан Лувсан Хайдүвийн "Шашны далай их сахиусны бүжиг харайхуй"5 хэмээх ховор нандин судар буй. Басхүү Бурхан Багш Шагжамуни бээр Цогт Балдан Брайбүн сувраганд Умард Шамбалын хаан Сайн Саран буюу Даваа Самбуу хэмээх тэргүүтэй хэмжээлшгүй олон баатар, дагинас, бодьсадва нарт нууц тарнийн авшиг соёрхож тантрын маш олон зарлиг номлол соёрхохуйн сацуу номлол бүхний зүрхний зүрхэн болсон "Зөөлөн Цогт Манзуширийн алдрыг өгүүлэхүй"6 хэмээх алдарт зохиолд нууц тарнийн бүжиг дууриалын тухай гүн хийгээд агуу утгасыг айлдсан буй. Үүний тайлбар Долдугаар Далай Лам Жамбал Жамцын ёнзон багш Иш Жанцан гэгээнтний айлдсан "Хутагт Зөөлөн Цогтын Алдарыг Үнэхээр Өгүүлсний Тайлбар Богд Тойн Зөөлөн Эгшигтийн Адистидийн Хурын Урсгалыг Түргэнээ Буулгагч Магтаал Үүлсийн Эгшиг Дуун Хэмээх Оршив"7 хэмээх өргөн дэлгэр айлдсан судар буй.

 

Чингээд оршил утгасыг хураангуйлж гол сэдэв лүгээ орвоос нэгэн цагт Дэлгэрцогт уулын номын хүрээнд "Их Нэнчэн" хэмээх номын хурим хийх үед бидний урилгаар Үндэсний Урлагийн Их Театрын дуучид, хөгжимчид, бүжигчид тэргүүтэй залуу уран бүтээлчид ирж монгол үндэсний сонгодог охь бүтээлүүдийг толилуулсанд, " Бие чинь болъё" хэмээх эрэгтэй, эмэгтэй хосын бүжгийн яруу нэр, өгүүлэмж утга, донж намба, алхаа гишгээ, үсэрч харайх бүжиг болон хувцасны загвар, өнгө, хээ, хөг аялгуу тэргүүтэн өөрийн эрхгүй олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэсэн юм. Энэхүү бүжгийг өнгөцхөн харахад эр, эм хоёр хүн уулзаж учраад хайр сэтгэлтэй болж, эцэстээ гэр бүл болж буй мэт үзэгдэнэ. Гэвч үүнийг монголчуудын эртэн эдүгээгийн соёл урлаг, гүн ухаан, гоо зүйн сэтгэлгээний онцлогоос нь харж үзвэл улам илүү алс чанадыг нь тольдох болмуй. Эл бүжгийн тухайд таван зүйл болгон хураангуй төдий өгүүлвээс ийн, 

 

Нэгдүгээрт; нэрийн тухай өгүүлбээс, Манзуширийн алдрыг өгүүлэхүй судрын Очирт хөлгөний утгаар бол бурханы хутгийг олохуйг эгээрсэн замбуутивийн хүмүүн төрөлхийтэн баатар, дагина бодгалиуд үүсгэл,төгсгөлийн хоёр зэргийг бясалгаж онол эрдэм шат шатаар ахиад, таван хүрдэт судлын зангилааг тайлж, дотоод байгалийн сэтгэлийг нээж, түүнийгээ солонгон биед хувилгадаг ба чингэхдээ нэгэн нэгэндээ шүтэлцэж, баатар бодгаль нь дээд амгалангийн бурхан болоод, дагина бодгаль нь хоосон чанарын эх бурхан болдог ба эцэстээ эх дагина бээр эцэг бурханы зүрхэнд шингэн оршиж, угтаа номын лагшин буюу нэгэн бие лүгээ болмуй хэмээдэг нь эх дагина бээр эцэг баатрын түшиг болсноороо "бие чинь болъё" хэмээх утгыг илэрхийлдэгтэй ижил төстэй ажээ.

 

Хоёрдугаарт; бүжгийн хэмнэл хөдлөл бүрий үе шат дараалан маш цэгцтэй өрнөх бөгөөд хайш яйш нэг ч алхаа гишгэгдэл үгүй нь мөрийн эрдмүүдийг зэрэгчилэн төрүүлж явдаг, бас ямарч үед саад тотгор гардаг агаад түүнийг аргаар амиржуулж, билгээр сэцэлдгийн үлгэрээр эцэстээ амар амгалан бат хүрдэт очирон гэрт хослон оршихуйн агаарт оршдог үзэгдэл илхнээ үзэгдэнэ. Манзуширийн алдрыг өгүүлэхүй сударт айлддаг ядам бурхад, баатар дагинасын өлмийн алхаа гишгэгдэл, мутрын дэвэлт, хурууны дохио хөдөлгөөн, мэлмийн харц, бие хийгээд бүсэлхийн гунхалзах намжир, тэргүүний дохилт, лагшин тэврэн бүжих тэргүүтэн бүгд “Бие чинь болъё” хэмээх энэхүү бүжгээс үзэхэд ийм л болов уу хэмээх төсөөллийг эрхгүй бодогдуулмуй.

 

Гуравдугаарт; өнө эртний нүүдэлчдийн амьдралын шүтэн барилдлагаас бүтээгдэж гарсан соёлын нэг гол өв болбаас хүрдэт болоод хас тоонот монгол гэр өргөө бөгөөд хосын бүжиг эл өргөөг эцсийн дүнд цогцлоож буй гэрийн бүтэц бол Очирт хөлгөний хот ядам бурхад, хот мандлын гадаад хамгаалалт болдог очирон гэрийн бүтэц байгууламжтай ижил төстэй байдаг нь ихэд сонирхолтой. Бас гэрийн ханын тойрог болон нүд, унийн хигээс, тоонын дүгриг хэлбэр бүгд нууц тарнийн ядам бурхад, баатар, дагинасын хүрдэт чимэг тэргүүтэй олон зүйлтэй ижил төстэй буй. Эдгээр нь ямар нэгэн хуулбар болон нэгэн нэгнээсээ хуулбарласан зүйлс огт бус сэтгэлгээний ижил төстэй зүйлс байгаад хамаг учир шалтгаан оршино. Бас хас тооно болон хүрдэн тоонын тухай болбаас "хас" тэмдэг нь "мөнх бат"-ыг бэлгэдэж, бясалгал дияаны үл хөдлөх бэлгэдэл болдог ба "хүрд" нь замбуутивийн хүмүүний биеийн бүтцийн эрхин гол хүрдэн судалууд болон дагинасын сүн баригч тэргүүтэй олон нандин зүйлсийг бэлгэддэг буй.

 

Дөрөвдүгээрт; хос бүжигчний хувцас, малгай, гутал тэргүүтэн цагаан, улаан хоёр өнгө хосолсон бөгөөд малгайн орой болон сугавчлуур зангиан дахь хүрдэн чимэг сэлт нь баатар дагинасын тангаргийн чимэг сэлт лүгээ адил агаад ялангуяа цагаан, улаан өнгө нь буддын гүн ухаанд хүмүүний эцгийн дуслын махбод цагаан, эхийн дуслын махбод улаан өнгөөр бэлгэддэг ба үүнийг ном лугаа урвуулан бясалгахуйд хамгийн чухал эд эс болдгоороо замбуутивийн хүмүүний төрөл бие өөр гариг ертөнц болоод, ариуссан бурхадын орноос ч үлэмж илүү гайхамшигтай хэмээн айлддаг. Мэдээж хэргийг нь гаргах эрдэнэ мэт бодгалиуд оршин байж л хэрэг нь гармуй. Алин боловч улаан махбод нь билиг билгүүн, хоосон чанарыг бэлгэдэх ба цагаан махбод нь арга ухаан, дээд амгаланг бэлгэддэг.

 

Тавдугаарт; энэхүү бүжгийн гол агууламж нь арга, билиг хослон байж орчлонгийн хүмүүний амьдралын сайн сайхан, амар амгалан гарах болон өнгөрсөн, одоо, ирээдүй үеийн залгамж оршин байхуйн нандин утгыг илэрхийлэхүйн ялдраа монголчуудын оюун санаа болон гоо зүйн сэтгэлгээг уран нарийн, чамин гоёмсог биеийн дохионы хэлээр үзүүлснээрээ энэ цаг үе болоод ирээдүй үед уламжлуулан үлдээх соёлын хосгүй үнэт өв мөн хэмээн эргэлзээгүй бодогдох ажгуу.

 

Энэ завсар нэгэн дурсамжит түүхийг өгүүлвээс "алдрыг нь өгүүлэхүйеэ бэрх, хэргийн тухайд алдрыг нь өгүүлвээс" өвгөн богд Гэвш Түвдэнпэрэнлэй алдарт бээр мөхөс намайг зүрхний хөвүүн болгон тэтгэж судар, тантрын зуун оньсыг нээн үзүүлсэн зарлигийн ачит багш бөгөөд "Их Нэнчэн" номын хуримыг жил болгон хийх айлдвар соёрхсон агаад тэр жил насан өндөр болоод морилж эс чадсан дор хөвүүн би одож Цаст Альпын нурууны салбар болох Монт Пэлэрин (Le Mont Pèlerin) буюу франц хэлнээс дуун хөрвүүлбээс "Мөргөлчдийн уул"-нд орших номын өргөөнд нь бараалхан золгож, номын хуримын дүрс бичлэгийг толилуулсан дор таалан соёрхоод ийн айлдруун "Монголчуудын авъяас билиг хурц бөгөөд түргэн, төвд бүжгийг авьяасгүй хүн гурав хоног дотор сурч чадмуй, харин монгол бүжгийг авьяастай хүн гурван жил хичээж байж сурч чадах, үгүй нь сая нэг харагдах ажээ" хэмээн айлдаад "энэ нь зүгээр нэг магтаал төдий бус утгатаа орших зүйл болой" хэмээн богд багш таалал зүрхнээс айлдсан авай.

 

 

Тэндээс энэхүү бүжгийг зохион дэглэсэн ямар хүн буй хэмээн асуун сураглаваас Соёл Урлагийн Их Сургуулийн багш Баярбаатар хэмээн танилцуулав. Удсан ч үгүй хэдэн сарын дараа эрхэм хүмүүнтэй урьдын ерөөлөөр учран золгож зоог дэлгэн халуун дотно ярилцан суухуйд, мөхөс би асууруун "Та Бие чинь болъё бүжгийг дэглэхдээ ямар ямар судар шастир уншиж судлав?" хэмээсэнд "Их айхтар уншиж судалсан юмгүй, нэг иймэрхүү бүжгийн санаа өөрөө орж ирээд, ингээд ингээд хөдлөвөл аятай сайхан мэдрэгдээд л дэглэсэн юм" хэмээн дарууг барьж өгүүлсэнд, би өөрийн сэтгэгдэл болон богд багшийн айлдварыг өгүүлэхүйн сацуу, Бүжиг дэглээч Баярбаатар багшийн дотоод сэтгэлийн далд авъяас нь өвсбээн сэрж эл бүжиг тэргүүтэй олон олон гайхамшигт бүтээл туурвиж байдагт өөрийн эрхгүй бишрэл төрсөн юм. Тэр үед Баярбаатар багш мөхөс миний өгүүлж буй зүйлсийг ямартаа ч бичиж өгөөрэй хэмээн хүссэн бөгөөд үлэмжхэн алсран явж байтал, саяхан залуу бүжигчин Уртнасан сануулан дурдаж "юутай ч атугай "Бие чинь болъё" бүжгийн тухай тайлбар сэлтийг бичиж өгнө үү" хэмээн ахин дахин өчсөний ялдраа өгүүлэхүй зохистой хэмээн бодогдсон нугуудыг төмөр үхэр жилийн луу сарын шинийн арваны дагинасын буулттай өдөр Хан уулын хормойд бичиг дор буулгав.

 

Зава Дамдин ринбүчи

22.04.2021

Shuud.mn
Сонин хачин
Браво
2021-11-14
болдоо:
за бүү мэд ээ , хэн нь ч буг юм хэн нь ч хятадуудын гар хөл юм , хэн нь ч гадаадын тусгай албаны бууны нохой юм мэдхийм алга псда гэж , ганцхан зүйлийг мэддэг дээ , заваа дамдин гуайн хойд дүр болбоос энэ цагийн их хүн сонин баяр гуай л юм шүү ,, далай багш минь мэднэ дээ
2021-11-06
Ухааны ихээр учрын зангирааг тайлах, сэтгэлийн сайхнаар ариусахын замыг заах, номын чадлаар гэгээрэхийн чанадад урих, бичгийн ярууд амгаланд баясгах. Гайхамшигтай юмаа. Ум сайн амгалан болтугай.
2021-10-27