Халдвар дахин дэгдсэн Хятадад албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татав
2021-10-28

Сүүлийн өдрүүдэд урд хөршид коронавирусийн халдвар өдөр бүр илэрч, хэдийгээр энэ нь 1,4 тэрбум хүн амтай улсын хувьд маш бага, түүнчлэн манай орны өдрийн тохиолдлоос хэдэн арав дахин бага байгаа ч Хятадын эрх баригчид цар тахлыг урьд өмнөх шиг өргөн цар хүрээнд тархаахгүйн тулд хатуу арга хэмжээ авч байгаа юм. 

 

Халдварын дэгдэлтийг тогтоон барих үүднээс COVID-19 тохиолдлууд хэдэн арваараа илэрч байгаа Өвөр Монголд гэхэд л манайхтай залгаа Эрээн хилийн боомт хотыг хааж, мөн л манай улсын Шивээ хүрэн боомттой хиллэдэг Сэхээ боомт орших Эзнээ хошуунд бүрэн хөл хорио тогтоосон. Хятадад сүүлийн өдрүүдэд илэрч байгаа тохиолдлууд нь урьд өмнөх вирусийн хувилбаруудаас халдварлах чадвар өндөртэй дельта штаммаар үүсгэгдсэн нь ч ийнхүү хатуу арга хэмжээ авахад нөлөөлсөн юм.

 

Ердөө хэдхэн сарын дараа, 2022  оны хоёрдугаар сард Бээжин хотноо болох Өвлийн олимпын наадамд бэлдэх зуур БНХАУ-ын нутаг дэвсгэрүүд тэр дундаа Бээжин хотноо халдвар илэрсэн нь Хятадын эрх баригчдын санааг зовоож, улмаар тэд бүхий л аргаар халдварыг тогтоон барихын тулд хариуцлага алдсан албаныхныг ажлаас нь халах, намаас нь хөөх зэргээр хатуухан шийтгэж байгаа аж. 

 

Бээжин хотноо гарсан халдварын сүүлийн тохиолдлууд нь Дельта штаммтай холбоотой, Өвөр Монгол болон Ганьшу мужид бүртгэгдсэн халдваруудтай адил байгааг Бээжингийн эрх баригчид лхагва гарагт мэдэгджээ. Энэ хотод халдварын сүүлийн дэгдэлтийн үеэр дотоодын 21 тохиолдол бүртгэгдсэнээс гадна шинж тэмдэггүй халдвар тээгч нэг илэрснийг Бээжин хотын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд захирал Пан Синхуо мэдэгдсэн байна. 

 

Коронавирусийн халдвар дахин дэгдсэнтэй холбоотойгоор лхагва гарагт Бээжин хотын намын дарга Цай Цигээр удирдуулсан хурал болж, энэ хурлын үеэр халдварыг цааш тархаахгүйн тулд шуурхай, нэн хатуу арга хэмжээ авах шийдвэр гаргажээ.

 

Энэ хүрээнд өдөрт 746 мянган шинжилгээ авч байсныг 1,56 сая болгон нэмэгдүүлсэн байна. Оршин суугчдаас яаралтай шинжилгээ авахын тулд хотын 40 эмнэлэг 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд дүүрэг тус бүрт хоёр шинжилгээний газар иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа аж. 

 

Ийнхүү халдварын тархалтыг илрүүлэх зорилгоор бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулахын дээр өвчин дахин тархсанд холбогдох албан тушаалтнуудыг эрх баригчид буруутгаж байгаа юм. Бээжин хотын цагдаагийн газар халдварын дэгдэлттэй холбоотойгоор 24 хэрэг үүсгэсэн бөгөөд 19 хүнийг эрүүгийн хариуцлагад татаж, харин 13 хүнд захиргааны шийтгэл оноожээ. 

 

Хятад улс цар тахал эхэлснээс хойш л халдварын дэгдэлт гарсан бүс нутгуудад хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэн, нөхцөл байдлыг хянаж чадаагүй албан тушаалтнуудыг шийтгэсээр ирсэн юм. Саяхан гэхэд л Өвөр Монголд халдвар нэмэгдэх болсонтой холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь халсан талаар Хятадын төрийн хэвлэл болох Global Times сонин мэдээлж байв. 

 

Тодруулбал, Монгол Улстай хиллэдэг Эзнээ хошуунд бямба гарагт зургаан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцсон юм.  Энэ хошуунд 10 дугаар сарын 17-ны өдөр коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш албан тушаалтнууд үр дүнгүй, хойрго ажилласан гэж үзэн орон нутгийн Эрүүл мэндийн комиссын дарга болон түүний орлогч, энэ комиссын өөр нэг ажилтан, гурван цагдааг халсан бол нутгийн эмнэлэг, иргэний хэргийн товчоог хариуцлагад татжээ. 

 

Түүнчлэн энэ долоо хоногт Эзнээ хошууны цагдаагийн газрын орлогч даргыг ажлаас нь халсан юм. Энэ хошуунд хөл хорио тавьж, хяналтын постуудыг байгуулсан бөгөөд харин зарим зорчигчид энэ постоор дайралгүй, "хулгайн зам"-аар явсан тохиолдол хэдэнтээ бүртгэгдсэн тул хяналт тавих ажилдаа хайнга хандсан хэргээр цагдаагийн газрын орлогч даргыг халжээ. 

 

Энд дуулгахад, коронавирусийн халдвар анхлан бүртгэгдсэн, 1,4 тэрбум хүн амтай Хятад улсад цар тахал эхэлснээс хойш нийт 96899 тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаар 643 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин халдварын хүндрэлийн улмаас нас барсан хүний тоо нийт 4636 болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэ манайд бол эсрэгээрээ гавъяа шагнал урамшуулал сандал суудал дэвшиж цол хэргэмтэй сонин ГАЖ
2021-10-28