Өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа Афганистанд дээрэм, тонуул эрс ихэсжээ

img

Афганистаны эрх мэдлийг "Талибан" хөдөлгөөн гартаа авснаас хойш тус улсын нийслэлд дээрэм, тонуул гарах нь нэмэгдсэн гэнэ. Энэ талаар Афганистаны Толо Ньюс телевиз мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Толо Ньюс суваг нутгийн иргэдтэй ярилцахад, эдийн засаг муудсан үед афганчууд гэр бүлээ тэжээхийн тулд гэмт хэрэг хийх замыг сонгож байна хэмээн иргэд өгүүлсэн байна. 

 

"Талибууд төрийн эрхэнд гарах үед бид дээрэм тонуулын тоо буурна гэж бодож байлаа. Гэтэл ийм гэмт хэрэг одоо хэр гарсаар байгаагийн дээр бүр хоёр дахин нэмэгдчихлээ. Түүнчлэн хүн хулгайлах гэмт хэрэг олширсон, үүнийг зохицуулдаг хэн ч байхгүй" хэмээн Кабулын оршин суугч Мохаммад Юнус Толо Ньюс сувагт ярьсан байна.

 

Эх сурвалжийн онцолсноор, сүүлийн хоёр сард гэмт хэргийн төвшин зөвхөн нийслэлд төдийгүй бусад мужуудад ч эрс өсжээ. Харин талибууд иргэдийг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэмээн мэдэгдсээр байгаа аж.

 

"Сүүлийн 15 өдрийн дотор дээрэм, хүн хулгайлах зэрэг төрөл бүрийн хэрэг зөрчлийн улмаас 100 гаруй хүнийг баривчилсан" гэж Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Саид Хости мэдэгджээ.

 

Афганистан өлсгөлөнгийн ирмэг дээр 

 

Олон сарын турш дайны хөлд үрэгдэж, Америк болон НАТО-ын цэргүүд гарсны дараа "Талибан" хөдөлгөөн эрх мэдлийг нь гартаа авсан Афганистан улсад эдийн засаг нь өдрөөс өдөрт доройтсоор байна. Ойрын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол 11 дүгээр сар гэхэд Афганистан даяар олныг хамарсан өлсгөлөн нүүрлэнэ гэж НҮБ анхааруулсан юм.

 

НҮБ-ын тооцоолсноор, энэ улсын хүн амын тал хувь нь буюу 23 сая орчим хүн хүнсний нэн хомстолд орох аюул хэдийнэ үүссэн гэнэ. Дэлхийн хүнсний хөтөлбөр болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын явуулсан судалгаанд ган гачиг, сөргөлдөөн, цар тахал, эдийн засгийн хямрал өнөөгийн нөхцлийг үүсгэсэн гэж судлаачид дүгнэжээ.

 

НҮБ-ын мэдэгдсэнээр Афганистан дэлхийн хамгийн муу хямралт нөхцөлд байгаа орнуудын тоонд багтаж байгаа гэнэ. Тун удалгүй өвөл болохоос өмнө асуудлыг шийдэхгүй бол афганчууд дүрвэх эсвэл өлсөж үхэх гэсэн хоёр сонголттой нүүр тулна гэж Хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бисли мэдэгджээ.

 

НҮБ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сараас хойш Афганистанд хүнсний нэн хомстолд орсон хүмүүсийн тоо 37 хувиар өссөн байна. Онцгой эрсдэлтэй бүлэгт тав хүртэлх насны 3,2 сая хүүхэд байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ