COVID-19: Эрээн хотын халдварын тохиолдол нэгээр нэмэгджээ
2021-10-29

Энэ сарын дундуур Өвөр Монголын Эрээн хотод коронавирусийн халдварын тохиолдол илэрсний улмаас энэ хотод хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн, Замын-Үүдтэй хиллэх боомтыг хаасан юм. Түүнчлэн Өвөр Монголын өөр нэг нутаг болох Эзнээ хошуунд халдварын тохиолдол олноор нэмэгдэж байгаа тул хөл хорио тогтоон мөн л Монголтой хиллэх Сэхээ боомтыг хаасан.

 

Өвөр Монголд халдварын шинэ тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байгаа бөгөөд 10 дугаар сарын 28-ны 15 цагийн байдлаар энэ бүс нутагт шинээр COVID-19 -ийн 15 тохиолдол илэрчээ. Эдгээрээс 14 тохиолдол нь Эзнээ хошуунд бүртгэгдсэн бол нэг тохиолдол Эрээн хотод илэрсэн талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Өнөөдрийн байдлаар, Өвөр Монголд халдварын сүүлийн дэгдэлт гарснаас хойш нийтдээ 132 тохиолдол илэрснээс 110 нь Эзнээ хошуунд бүртгэгджээ. Коронавирусийн халдвар илэрсэн бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд ойрын хавьтлын 2750, дам хавьтлын 3323 хүнийг эмчийн хяналтад оруулсан хэмээн Өвөр Монголын Эрүүл мэндийн хороо мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин