Фейсбүүк компани нэрээ Meta болгон өөрчилнө
2021-10-29

Фейсбүүк компани нэрээ өөрчлөхөөр болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Ийнхүү өөрчлөх болсон нь компанийн шинэ зорилттой холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байв. Тухайн үед энэ мэдээлэлд компани албан ёсоор тайлбар өгөөгүй юм. Харин Фейсбүүк компанийг үүсгэн байгуулагч компанийнхаа нэрийг Мета болгон өөрчлөхөөр болсон талаараа 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгджээ.

 

"Өнөөдрөөс эхлэн бид Мета нэртэй болно. Өмнө нь надад сонгодог судалгаанууд таалагддаг байлаа. "Meta" гэдэг үг нь "дараа" гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Энэ нь үргэлж дахин өөр нэг зүйлийг бүтээх боломжтой гэдгийг бэлгэдэг байгаа юм" хэмээн Цукерберг мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, шинэ брэнд нь хүн дэлгэцээс татгалзаж, виртуал бодит ертөнцөд байгаа мэт үр дүн мэдрэх метаверсэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Ийнхүү шинэчлэл хийж, нэрээ өөрчилснөөр компанид харьяалагдах бусад сервисүүд өөрчлөгдөхгүй гэж Цукерберг онцолжээ. Тэрбээр дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болох Фейсбүүкээс гадна Messenger, WhatsApp, Instagram--ыг эзэмшдэг юм. 

 

Цукерберг 10 мянган ажилтан хөлсөлж, шинэ виртуаль ирээдүйг бүтээнэ 

 

Фейсбүүк компани нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа талаар  10 дугаар сарын 20-ны өдөр Verge портал холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулж байв. 

" Метаверс бүтээх чиглэлийг нь тусгасан нэртэй байхын тулд Facebook ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна" гэж эх сурвалж мэдээлж байлаа.

 

Фейсбүүкийн тэргүүн Марк Цукерберг метаверс бүтээхийн тулд  ойрын таван жилд 10 мянган ажилтан хөлслөх болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Цукербергийн өгүүлснээр, метаверс нь хотын төвөөс хол амьдрах, ажиллах хүсэлтэй, түүнчлэн боловсрол бусад объектуудад хүрэх хүртээмж нь хязгаарлагдсан нутаг дэвсгэр дээр амьдардаг, бүтээлч мэргэжлийн хүмүүст илүү их боломж олгох гэнэ. 

 

Метаверс нь интернетийн ирээдүй, "амьдрах боломжтой" бүрэн дүүрэн виртуаль ертөнц болно гэж зарим шинжээчид үздэг. Метаверсийн хэрэглэгчид тоглож, ажиллаж, хоорондоо харилцаж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, кино үзэж болох гэнэ. Эдгээр үйлдлийг яг бодит орчинд мэтээр гүйцэтгэхэд хэрэглэгчид 3D аватар байх бөгөөд энэ нь метаверсийн хүрээнд бусад аватаруудтай харилцах аж. 

 

Фейсбүүк компани виртуаль ертөнц бүтээх санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд томоохон алхам хийсэн бөгөөд тухайлбал энэ жил ухаалаг нүдний шил гаргаж байлаа. Энэ шил нь гэрэл зураг, дүрс бичлэг авч, дуудлага хүлээн авч, ухаалаг утасны апликейшнээр дамжуулан контентыг олон нийтийн сүлжээнд нийтлэх боломжтой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин