Украинд хатуу хөл хорио тогтооно
2021-10-29

Ирэх сарын нэгнээс Украины нийслэл Киев хотод хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Энэ талаар хотын дарга Виталий Кличко мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пүрэв гарагт Киев хотод коронавирусийн халдварын 1451 шинэ тохиолдол илэрсэн нь сүүлийн хагас жилд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас өдөр бүр 50 орчим  хүн нас барж байгаагийн дээр хэвтэн эмчлүүлэх хүний тоо нэмэгдсээр байгаа аж. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, даваа гарагаас эхлэн Киевийн бүх сургуулиуд цахим сургалтад шилжих бол хүүхдийн цэцэрлэгүүд ажилтнууд нь бүгд дархлаажуулалтад хамрагдсан тохиолдолд ажиллах боломжтой гэнэ. Мөн зөвхөн вакцинд хамрагдсан эсвэл коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай хүмүүс л кафе, зоогийн газар, спорт  танхим, худалдааны төвөөр үйлчлүүлж, зочид буудалд бууж болох аж. Түүнчлэн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн холбогдох бичиг баримтыг шалгахын дээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин