COVID-19: Бээжинд 3-11 насныхныг вакцинд хамруулж эхэлжээ
2021-10-29

БНХАУ-ын хэд хэдэн бүс нутагт коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг 3-11 насныханд хийж эхлэхээр зэхэж байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байлаа. 

 

Энэ арга хэмжээ Хятадын зарим мужид хэдийнэ эхэлсэн бол нийслэл Бээжин хотод нь 3-11 насныхныг дархлаажуулах ажил10 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ. Хятадад 3-17 насныханд шуурхай горимоор ашиглах гурван вакциныг зөвшөөрсөн юм. Зургадугаар сард Хятадын Синовак компанийн КоронаВак вакцин зөвшөөрлөө авсан бол долдугаар сарын 16, наймдугаар сарын 18-нд Бээжин болон Уханийн судалгааны төвүүдэд гарган авсан вакцинуудыг зөвшөөрчээ. 

 

Бээжингээс гадна Хятадын өөр нэг том хот болох Шанхай 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 6-11 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх тарилгад хамруулах урьдчилсан бүртгэлийг эхлүүлжээ.Хүүхдүүдийг дархлаажуулах болсон нь тус улсад дотоодын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой. Өвөр Монголын хэд хэдэн хот, түүнчлэн Ганьшу, Хар мөрөн мужуудад халдварын тохиолдлын улмаас хатуу хөл хорио тогтоосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин