Монгол 1 тэрбум, дэлхий 1 их наяд мод тарина
2021-11-01

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс "нэг тэрбум мод тарих" санаачилгаа зарлаж, улмаар энэ ажил орон даяар өрнөж эхэлсэн юм. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, экосистемд онцгой анхаарал хандуулах болсон энэ үед манай улс нэг тэрбум мод тарихаар зэхэж байгаа бол "G20"-ийн орнууд нэг их наяд мод тарих уриалга гаргажээ. 

 

G20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан тунхаг бичигт 2030 он хүртэл нэг их наяд мод тарих зорилго тусгагдсан гэж Регнум агентлаг мэдээллээ. 

 

"Бид манай гарагийн экосистемд онцгой анхаарал хандуулж, нэг их наяд модыг хамтдаа тарих том зорилго тавьж байна.2030 он хүртэл энэхүү дэлхийн хэмжээний зорилгод хүрэхийн тулд иргэний нийгэм болон хувийн хэвшлийн салбараа татан оролцуулах замаар G20-той хүчин зүтгэлээ нэгтгэхийг бусад орнуудад хандан уриалж байна" хэмээн тунхагт өгүүлжээ. 

 

XXI зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн хаягдлыг дэлхий даяар гаргахгүйн байх нь нэн чухал гэж G20-ийн орнуудын удирдагчид үзсэн тул ийнхүү ногоон бүсийг тэлэх зорилт тавьсан байна. Гэхдээ нүүрстөрөгчийн хаягдалгүй болох зорилтдоо тухайлсан хугацаа тодорхойлоогүй аж.

 

Дээд хэмжээний уулзалтын оролцогчид хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах төлөвлөгөөгөө улс орнууд шаардлагатай бол өөрсдөө тодорхойлон ажиллах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн энэ оны эцэс гэхэд хилийн чанад дахь дулааны цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхээ зогсооно гэж мэдэгджээ. 

 

G20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Ром хотноо болсон юм. Ням гарагт энэ уулзалт өндөрлөсний дараа ихэнх оролцогчид нь Шотландын Глазго хотод 10 дугаар сарын 31-нд эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын хурлыг зорьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Би бүх ойн модыг галдан шатаачихна.
2021-11-01