Алек Болдуин: Ийм тохиолдол нэг их наядад ганц л тохиодог
2021-11-01

"Алтан бөмбөрцөг", "Эмми" шагналт  63 настай Алек Болдуин 10 дугаар сарын 22-ны өдөр зураг авалтын талбай дээр санамсаргүйгээр зураглаач Галина Хатчинсыг хөнөөсний дараа түүнээс ярилцлага авахаар сэтгүүлчид хөөцөлдсөөр байгаа юм. Хоосон байх ёстой буунд хаанаас байлдааны сум орсон талаар сэтгүүлчид тодруулах хүсэлтэй байсан ч Болдуин ярилцлага өгөхөөс төрөл бүрээр зугтаж байв. Ийнхүү удаан зугтсан Болдуин залхаж, Вермонт мужид явж байхдаа машинаа зогсоон, өөрийнх нь араас дагаж байсан TMZ порталын сурвалжлагчид дээр очжээ. 

 

"Хүүхдүүд маань машинд уйлаад байна. Би мөрдөн байцаалтын талаар ярьж болохгүй. Цагдаагийнхантай өдөр бүр ярьж байгаа. Би хэлж чадах бүхнээ л хэллээ. Биднийг тайван орхиоч, гуйя" хэмээн жүжигчин өгүүлсэн байна.

 

Тэрбээр энэ үедээ ихээхэн бухимдсан шинжтэй байсан гэж TMZ порталын сурвалжлагчид онцолсон байна. Гэсэн ч тэрбээр цааш үргэлжлүүлэн ярьжээ.

 

"Галина миний найз байсан. Би Сана-Фед зураг авалтад ирсэн өдрөө найруулагч Жоэллын хамт түүнийг оройн зоогонд урьсан юм. Аймшигт явдал гарахаас өмнө бид үнэхээр сайн, эв нэгдэлтэй зураг авалтын баг байлаа. Тэр хэргийн дараа цочролд орсон, маш их эмгэнэн гашуудсанаа үгээр хэлэх аргагүй. Зураг авалтын талбай дээр төрөл бүрийн осол гарч байдаг. Гэхдээ ийм биш. Энэ бол нэг их наядад нэг л тохиох хэрэг " хэмээн Болдуин өгүүлжээ.

 

Түүнчлэн Болдуин Хатчинсийн үхлийн дараа зураг авалтаа дуусгахаар төлөвлөөгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Rust кинонд гол дүр бүтээхээс гадна продюссерийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 

 

Эргэн сануулахад, Холливудын нэрт жүжигчин Алек Болдуин зураг авалтын үеэр буунд байлдааны сум байгааг мэдэлгүй зураглаачаа буудан хөнөөж, найруулагчаа шархадуулсан хэрэг 10 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Энэ буу хоосон байх ёстой байсан бөгөөд Болдуин ямар сумтайг ч мэдээгүй байсан гэнэ. Зураг авалтын талбай дээр ашиглагдаж буй зэвсгийн аюулгүй байдлыг найруулагчийн туслах, тусгай мэргэжилтэн хариуцдаг аж.

 

Зураг авалтынх нь үеэр санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хэрэг гарсан "Rust" кинонд ч мөн санамсаргүй аллагын тухай гардаг гэнэ. Кинонд эцэг эх нь нас барсны дараа өнчин үлдсэн 13 настай хүү,  дүү болон хүний амь санамсаргүй хөнөөсөн өвөөтэйгээ  хамт зугтдаг талаар гардаг гэнэ. Санамсаргүй хүний амь хөнөөсөн өвөөгийн дүрд Алек Болдуин тоглож байгаа аж. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
олны танил байх муухай.
2021-11-01