COVID-19: Шанхайн Диснейлендийг үйлчлүүлэгчдийнх нь хамт хаажээ
2021-11-01

Хятадын Шанхай хот дахь Диснейленд коронавирусийн халдварын улмаас хаагджээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын 31-ний ням гарагт Диснейлендийг хаасан бөгөөд 11 дүгээр сарын гуравны өдөр нээнэ гэж цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа мэдэгдсэн байна. Ингэснээр энэ өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэн төдийгүй зоогийн газар, дэлгүүр, зочид буудал болон бусад объектууд байрлах Диснейтауныг ч мөн хаажээ.

 

Хэвлэлүүдийг мэдээлснээр, ийнхүү хаах үед дотор нь үйлчлүүлж явсан хүмүүсийн хамт хаасан байна. Диснейлендийн нэгэн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул ийм алхам хийсэн бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгээс хүмүүсийг гаргахын тулд нэг бүрчлэн шинжилгээ авчээ. Улмаар шөнөжин шинжилгээ авч 11 дүгээр сарын нэгний өглөөний 08.00 цаг хүртэл нийт 33863 хүнээс шинжилгээ аван гаргасан гэнэ. 

 

Цэнгэлдэх хүрээлэнг хаах үед нутаг дэвсгэр дээр нь байсан хүмүүсийг амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихыг анхааруулсан бөгөөд хүрээлэнгээс гарах үед нь PCR шинжилгээ авсан байна. Үйлчлүүлэгчид 24 цагийн дараа ийм шинжилгээг давтан өгч, хоёр шинжилгээ хоёулаа сөрөг гарвал 12 өдрийн туршид өөрийгөө хянах гэнэ.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин