Бүх насаараа хоригдох ял сонссон саятан өөр нэг хүн амины хэрэгт буруутгагджээ
2021-11-02

Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, бүх насаараа хоригдох ял сонссон Америкийн саятан, хамгийн он удаан жил үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийн Durst Organization гэр бүлийн компанийн өв залгамжлагч, Роберт Дерст дахин нэг өөр хэргээр ял сонсжээ. Энэ талаар Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йорк мужийн Вестчестер тойргийн шүүгчид үл хөдлөх хөрөнгийн магнатыг анхны эхнэр Кэтрин Дерстийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Кэтрин 29 настайдаа, 1982 оны нэгдүгээр сарын 31-ний үдэш нөхөртэйгээ муудалцсаныхаа дараа алга болсон гэнэ. Тухайн үед Кэтрин, Роберт нар гэрлээд 10 жид болсон байжээ. 

 

Кэтрин алга болохдоо ямар ч зурвас үлдээгээгүй, мөн түүний цогцос ч олдоогүй байна. Хэргийг шалгах явцад Дерст тэр үдэш эхнэрээ галт тэргэнд суулгаж өгсөн, гэхдээ түүнээс хойш юу болсныг мэдээгүй хэмээн мэдүүлж байжээ. 

 

Өнгөрсөн сард Лос-Анжелесийн шүүх Дерстийг 21 жилийн өмнө үйлдсэн хүн амины хэргийнх нь төлөө хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ялаар шийтгэсэн юм. Дерст 2000 онд Калифорнийн Беверли Хиллзд Сьюзен Берманыг гэрт нь хөнөөсөн байна. Тэрбээр HBO сувгийн "Тэрбумтны нууц" баримтат цувралын үеэр санаандгүй энэ хэргийн талаар ярьсан бөгөөд 2015 онд Шинэ Орлеанд баривчлагджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин