Вакцин тариулаагүй олон мянган албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ
2021-11-02

АНУ-ын Нью-Йорк хотын 10 мянга гаруй цагдаа, гал сөнөөгч болон бусад төрийн алба хаагчдыг 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн цалингүй амраахаар болжээ. Эдгээр алба хаагчид хотын албаны бүхий л ажилтнууд коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтад албан журмаар хамрагдах хотын даргын зааврыг дагаагүйн улмаас ийнхүү ажлаасаа чөлөөлөгдсөн гэж Нью-Йорк Пост сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йорк хотын 2,3 мянган гал сөнөөгч вакцин тариулах хүсэлгүй байсныхаа улмаас ажлаасаа түр хугацаанд чөлөөлөгдөж, улмаар ажилтан хүрэлцээгүйн улмаас хотын 18 гал сөнөөх станц хаагджээ. Нью-Йорк хотын захиргааны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар 22,8 мянган хотын албан хаагч вакцинд хамрагдаагүй байгаа гэнэ.

 

Нью-Йорк хотын дарга Билл де Блазио гал сөнөөх болон цагдаагийн албаны албан хаагчдыг вакцинд албан журмаар хамрагдах болсон талаар 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж байв. Вакцин тариулахаас татгалзсан хүн бүрт цалингүй амралт олгоно гэж анхааруулсан бөгөөд харин энэ заалт нь 11 дүгээр сарын нэгний дотор дор хаяж нэг тун тариулсан хүнд хамаарахгүй хэмээн онцолж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин