Хятадын эрчим хүчний хямралаас үүдэлтэй үнийн өсөлт айсуй
2021-11-03

     
Харанхуй гудамж, ажиллагаагүй гэрлэн дохио, оргил цагийн үеэрх эрчим хүчний хязгаарлалт. Энэ бүхэн Хятадад нүүрлэсэн эрчим хүчний хямралын багахан үр дагавар. Хятад улс өмнөх жил ч эрчим хүчний хямралтай нүүр тулж байлаа. Гэхдээ энэ хавар тулгарсан асуудал нь өмнөхөөс хавьгүй өргөн цар хүрээтэй, илүү хор уршиг дагуулсан юм. Хятадад эрчим хүчний үнийг төрөөс хатуу хянадаг байв, гэтэл нүүрсний үнэ нь зах зээлийн хуулиараа зохицуулагдана. Ийм нөхцөлд асар их зөрүү үүсч, дулааны цахилгаан станцууд алдагдалд орж эхлэв. Нөхцөл байдлыг хяналтдаа оруулахаар Хятадын эрх баригчид эрчим хүчний үнийг чөлөөлж, нүүрсний үнэд хяналт тавьж эхэлсэн ч асуудал шийдэгдтэл багагүй хугацаа өнгөрөх бололтой. Хятадын эрчим хүчний хямрал гагцхүү энэ улсын асуудал биш, тэнд үүссэн хямрал энд ч нөлөөлнө. Учир нь Хятад бол дэлхийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч улс. 


“Өмнө нь хэзээ ч ийм байгаагүй”


Guardian сонины мэдээлснээр, Ляонин мужийн Шэньян хотод эрчим хүчний хязгаарлалт байнга тохиолдох болжээ. Энэ нутгийн оршин суугчид өмнө нь ч эрчим хүчээ хязгаарлуулж байсан. Гэхдээ сүлжээний ачаалал хэт өндөр болсон зун эсвэл өвлөөр л эрчим хүчийг хязгаарладаг байж. Харин намар ийм асуудалтай огт тулгарч байгаагүй гэнэ. Өмнө нь ганц хоёр цаг гэрэлгүй байдаг байсан бол энэ удаад бүтэн өдөржин цахилгангүй өнжих болжээ. 


Эрчим хүч тасалсаны улмаас Хятадын тэнгэр баганадсан барилгуудын цахилгаан шат зогсож, ус, харилцаа холбоо ч тасардаг гэнэ. Зам дээр гэрлэн дохио ажиллахгүйн улмаас хөдөлгөөн зогсохын дээр гэнэт эрчим хүч тасалсаны улмаас үйлдвэрлэлийн ослууд ч гарчээ. 


Тухайлбал, есдүгээр сарын сүүлээр Шэньянаас хогүйхэн ган цутгуурын үйлдвэрт цахилгаан тасалсаны дараа агааржуулалтгүй бол 23 хүн хийнд хорджээ. 


Эрчим хүчний хямрал зунжин үргэлжилсэн ч орон сууцны хорооллуудад эрчим хүчийг гэнэт тасалж эхэлсний дараа буюу энэ намар л олны анхааралд орсон байна. Үйлчилгээний газар, дэлгүүр, орон сууцнууд гэрэл цахилгаангүй болж, лаа, дэнлүү, цахилгаан үүсгүүрийн эрэлт эрс нэмэгджээ. 


Хямралын шалтгаан 


Цар тахлын улмаас Хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаж, дэлхий даяар нийлүүлэлт доголдож байлаа. Харин одоо дэлхийн эдийн засаг сэргэж, Хятадын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж эхлэх үеэр Хятадад эрчим хүчний хямрал тохиов. 


Эрчим хүчний хямрал нь Хятадын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ зорилго, ногоон эдийн засагт шилжих зорилтуудаас эхлээд Австралитай худалдааны дайн хийсэн зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй юм. 


Өнгөрсөн зун Хятадад нүүрсний уурхайнуудад хүний амь нас хохирсон хэд хэдэн ноцтой осол гарсны дараа олон уурхай хаагдаж байлаа. Мөн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үүднээс зарим уурхайг хаасан юм. 


Мөн Хятад улс Австралитай худалдааны даөйн дэгдээж, гол экспортлогчоосоо нүүрс авахаа зогсоосноор Хятадын нүүрсний нөөц хурдацтай багассан байна. Хэдийгээр ОХУ,АНУ зэрэг түнш орнуудаасаа авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажилласан ч асар том зэх зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй л байлаа. 


Хятадын эрчим хүчний хямрал дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ? 


Хятад бол дэлхийн гол үйлдвэрлэгч орон. Автомашин, гар утас, цахилгаан бараа үйлдвэрлэхэд шаардагддаг бараг бүхий л эд ангийг Хятад улсад үйлдвэрлэн, дэлхий даяар нийлүүлдэг юм. 


Энэ онд дэлхийн эдийн засаг цар тахлын сөрөг үр дагаврын дараа аажмаар сэргэж эхлэх үед Хятад эрчим хүчний хямралтай нүүр тулав. Хятадын аж үйлдвэрлэлийн албан ёсны мэдээллээс харахад энэ оны есдүгээр сард үйлдвэрлүүдийн үйл ажиллагаа 2020 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлтэд хүрчээ. Goldman Sachs-ийн шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын үйлдвэрүүдийн тал орчим хувь нь эрчим хүчний хямралын улмаас үйл ажиллагаа нь тасалдсан гэнэ. 
Ингэснээр энэ нь үйлдвэрлэх барааны тоо хэмжээнд шууд нөлөөлөх бөгөөд улмаар бараа бүтээгдэхүүний хомстол үүссэн энэ үед гал дээр тос нэмсэн хэрэг болох юм. 


Хятадын Засгийн газар аж үйлдвэр болон арилжааны зорилгоор эрчим хүч ашигладаг хэрэглэгчдийг эрчим хүчээ зах зээлийн үнээр худалдаж авахыг шахсан. Энэ нь цахилгаан станцуудын алдагдлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийн нэг аж. 


Харин энэ нь бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж байгаа гэнэ. Өнгөрсөн сард, Apple –ийн гол түншүүдийн нэг Pegatron эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжсэн гэж мэдэгдсэн бол чип үйлдвэрлэдэг томоохон компани болох ASE хэдэн өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоож байлаа. Мөн Apple–д зориулан плат үйлдвэрлэдэг гурван ч үйлдвэр цахилгаан эрчим хүчний хязгаарлалтын улмаас үйл ажиллагаагаа зогсоож байсан юм. 


Түүнчлэн авто машин үйлдвэрлэгчид, картон сав баглаа боодол үйлдвэрлэгчид, фермерүүд, хөдөө аж ахуй ч мөн эрчим хүчний хязгаарлалтын улмаас хохирол амсчээ. Энэ нь цаашлаад дэлхий даяар техник төдийгүй хүнсний үнэ өсөхөд шууд нөлөөлж мэднэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин