"Исламын улс" бүлэглэл Кабулд болсон халдлагын хариуцлагыг өөр дээрээ авлаа
2021-11-03

Афганистаны Кабул хотод 11 дүгээр сарын хоёрны өдөр халдлага гарчээ. Регнум агентлагийн мэдээлснээр, бүлэг этгээдүүд хотын эмнэлэг рүү дайрч, энэ үеэр амиа золиослогч халдлага үйлдсэн байна. 

 

Энэ халдлагын улмаас 23 хүн амиа алдаж, 50 хүн шархаджээ. Халдлага гарсны дараа "Исламын улс" бүлэглэлийг энэ хэрэгтэй холбоотой гэх таамаглал гарч байсан ч бүлэглэлийн зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байсан юм. Харин өнөөдөр тэд энэ халдлагын хариуцлагыг хүлээж байгаагаа зарлажээ. 

 

Халдлагын зорилго нь "Талибан"-ы дайчдын эсрэг чиглэгдсэн байсан гэнэ. Исламын улс бүлэглэлийн мэдэгдсэнээр, дайралтад таван алан хядагч оролцож, улмаар "Талибан"-ы Кабулын хүчний удирдагч Хамдулла Мохлисийг хөнөөсөн байна. Тэрбээр "Талибан" хөдөлгөөн Афганистаны засгийг гартаа авснаас хойш амиа алдсан хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм. Гэхдээ талибууд Мохлис амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин