Ц.Даваасүрэн: Манай улстөрчид мэдэхгүй, чадахгүйгээ мэддэггүй нь харамсалтай
2021-11-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсэг, Засгийн газраас хариултаа авлаа.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эдийн засгийн хөгжлийн сайд Шадар сайдын түвшин байх ёстой. Дан дээлтэй сайд байвал ажил явахад хүндрэлтэй. Яагаад Шадар сайдын түвшний сайд байж болохгүй байгаа вэ?

 

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүтцийн асуудал бол Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайдын саналыг харгалзаж үзэхээс өөр аргагүй. С.Бямбацогт нарын өргөн барьсан хуулиар Шадар сайд хавсарч явах санал байгаа. Үүнийг Ерөнхий сайд дэмжихгүй байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамыг дангаар нь үндсэн чиг үүргийн яам байхаар тусгасан.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Яам байгуулж болно. Салбарыг мэргэжилтнүүд удирддаг болсон. Гэтэл мэргэжлийн сайд байхгүй. Мэргэжлийн бус хүн учраас шийдэл гаргаж чаддаггүй. Хамгийн харамсалтай нь манай улстөрчид мэдэхгүй, чадахгүй байгаагаа мэддэггүй. Сайд болно гээд улайраад гүйдэг. Ямар ч мэргэжилтэй, дипломтой нь бүү мэд. Үүнээс болоод яамд бүтэлгүйтдэг. Тиймээс энэ бүтцэд салбарын шилдгүүд очиж ажиллах ёстой. 200 хүнээс доош явбал энэ яам явахгүй. Жинхэнэ мэргэжилтнүүдийг ажиллуулж, мэргэжлийн хүнээр удирдуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол өмнөх түүх давтагдана. Хөгжлийн яамгүй учраас бид ингэж ядарч байна. Хөгжлийн яамны дэргэд Эдийн засгийн хүрээлэн байх ёстой. Судалгаагүй бол энэ яам явахгүй. Нэрээр хөөж, сайд болохын тулд энэ яамыг байгуулж болохгүй. 

 

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахаар юу сайжрах юм бэ. Яам байгуулж, төрийн албаны орон тоог нэмэхээр сайжирна гэсэн баталгаа байна уу. Соёлын яам байгуулаад соёл сайхан болно гэсэн. Одоо тийм зүйл алга. Үүний оронд цахилгаан станцаа баримаар байна. Нарийн царигтай төмөр замаа баримаар байна. Ингэвэл улс орон хөгжинө. Энэ улс хамаатан садан, танил талаа сайдаар тавих гэсэн олон даргын ачааллыг даахгүй. Төслөө татаад авчих.

 

Ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өнгөрсөн 30 жилийн алдаа бол төр оролцдоггүй, төрийн бодлого тогтвортой, тодорхой биш, төлөвлөлт байхгүй. Үүнээс болж бид алдаж ирсэн. Үүнийг засч төлөвлөдөг больё, төр бодлоготой байя. Бодлого нь тогтвортой байх ёстой гэдгийг Үндсэн хуулиндаа оруулж өгсөн. Үүнтэй уялдуулаад Хөгжлийн бодлогын хууль гаргаж, хөгжлийн асуудлаа тодорхойлсон. Энэ яам бодлогыг хэрэгжүүлэх, уялдуулахаар байгуулагдаж байна. Бодлогын, цаасны яам байгуулахаар Засгийн газар оруулж ирсэн. 

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хоёр яам байгуулахыг дэмжиж байна. Гэхдээ чухал асуудал орхигдоод байна. Сүүлийн 30 жил хүнээр хүн хийдэг, уламжлалт зан заншлын талаар төрийн бодлого алдагдсан учраас өнөөдөр ёсзүйгүй, чадваргүй мэргэжилтнүүд дүүрч, салбар бүрт ёс суртахууны доройтолд хүрсэн. Монгол Улсад хүний хөгжлийг боловсруулдаг, авч явдаг ямар ч институц байхгүй. ХНХЯ нь хүн амзүйн хөгжлийн чиг үүрэгтэй. Монгол Улс ямар иргэнтэй байх вэ. Эдийн засгийн хөгжлийг авч явах хүнээ хөгжүүлэх институц алга. Тэгэхээр Эдийн засаг, хөгжлийн яаманд хүн хөгжүүлдэг газар хэлтэс байх уу. Эсвэл Хүний хөгжил, эдийн засгийн хөгжлийн яам гэж явах уу?  

 

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Засгийн газрын төсөлд Эдийн засаг, хөгжлийн яаманд дан эдийн засгийн асуудлыг хариуцуулах чиг үүрэгтэй байгаа. Ажлын хэсэг ярилцаад энэ яаманд эдийн засгаас гадна хүний хөгжлийн асуудалд орох ёстой гэж үзсэн. Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бодлого энэ яаманд  байхаар оруулж байгаа. Хүний хөгжлийн бодлогыг энэ яам тодорхойлж, ХНХЯ хэрэгжүүлнэ гэж тусгасан. Мөн энэ яаманд хүн амын суурьшлын бодлого байна.

 

Гишүүд асуулт асууж, хариултаа авснаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явуулав.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
улс төрчид нь мэдэхгүй чадахгүйгээ мэддэггүй нь үнэн гэсийм шүү
2021-11-04
ЯГ ҮНЭН
2021-11-04
Насаа:
Эрчим хүчний яам гэж нэг бүтэхгүй газар байхиймаа тэр сайд гэх нөхөр нь зүгээр л монтёр байсан баагий салбараа самарч байна аа
2021-11-04
Zochin:
Эд нар ингэж шоу хийж цэцэрхэг сайд болгох санаатай худлаа яриад хэрэггуй ялангуа даваасурэн шантаач хийж бгаад сайд болох санаа гаргаж бна шуухурдан яриад наад хоер яамаа байгууллаад ажилд нь оруулаад яваачээ тосовт суусан бол хурдан шиг байгуулаад явах хэрэгтэй гаднаас тавьсан дээр шуу оорсдоо битгий очиж болохгуй шуу
2021-11-04