“Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалт боллоо
2021-11-04 13:31

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

 

 

Хүний эрхийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах арга зүйд суралцах, асуудалд нийгмийн мэдрэмжтэй хандах чадварыг төлөвшүүлэхэд энэ удаагийн сургалтын зорилго чиглэсэн юм.

 

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хууль, тогтоомжийг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцүүлэн хүний эрхэд суурилсан хандлагыг удирдлага болгон ажиллахын чухлыг тэмдэглэлээ.

 

Цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулагдсан уг сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд зэрэг нийт 80 гаруй оролцогч хамрагдлаа.

 

 

“Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн ахлах референт Х.Цэцгээ удирдан явуулсан юм.

 

 

Тэрбээр илтгэлдээ, “Хүний эрхэд суурилан хөгжих хандлагын хүрээнд хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэх замаар хөгжилд хувь нэмэр оруулах, чөлөөтэй, идэвхтэй, утга учиртай оролцох эрхтэй. Хүмүүс зөвхөн үйлчилгээ хүртэгч, идэвхгүй хүлээн авагч бус харин хөгжлийн гол оролцогч байж, хөгжлийн бүх оролцогчдын хариуцлагатай байдлыг дэмжих нь нэн чухал. Үүний тулд хувь хүн, бүлгүүдийг гэгээрүүлэх, мэдлэг олгох нь хөгжлийн үйл явцад дэмжлэг үзүүлж, тогтвортой байдлыг хангана. Мөн хөгжлийн хөтөлбөрүүдийг нийгмээс тусгаарлагдсан, хязгаарлагдсан, тусгай хэрэгцээт бүлгийнхэнд илүү чиглүүлж, ялгаатай байдлыг бууруулахад анхаарах ёстой. Хүний эрхэд суурилсан хандлага бол хүн төвтэй хандлага. Иймээс аливаа хууль тогтоомжийг боловсруулахдаа олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хүний эрхийн зарчмыг баримталж, төрийн үүргийг тодорхой тусгаж, иргэдийн оролцоог хангах нь нэн чухал” хэмээн онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин