COVID-19: Венесуэл хоёроос дээш насныхныг вакцинд хамруулна
2021-11-08

Венесуэл улс хүн амынхаа 70 хувийг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулсны дээр бага насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлэхээр болсон талаар тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Энэ талаар Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

"11 дүгээр сарын наймны даваа гарагт Венесуэлд хоёроос дээш насны хүүхдүүдийг коронавирусийн вакцинд хамруулж эхэлнэ" хэмээн Мадуро мэдэгджээ. Түүнчлэн энэ сарын сүүл гэхэд хүн амынхаа 80 хувийг COVID-19-өөс сэргийлэх вакцинд хамруулах, 12 дугаар сарын сүүл гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэх зорилгыг эрх баригчид өмнөө тавьсан талаар Венесуэлийн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, дэлхийн хэд хэдэн орон өсвөр насныхныг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулж эхэлсэн бол Хятад улс 3-11 насныханд вакцин тарьж эхэлсэн юм. Халдвар болон нас баралт өндөр байгаа АНУ 5-11 насныхныг өнгөрсөн долоо хоногоос дархлаажуулж эхэлсэн. Хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг эхлүүлсэн улс орнууд дархлаажуулалт сайн дурынх гэж онцолж байгаа бол Коста-Рика 5-11 насны хүүхдүүдийг албан журмаар вакцинд хамруулах шийдвэр гаргасан анхны улс болсон байна. Энэ улсад 12-19 насныхны 73 орчим хувь нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины дор хаяж нэг тунд хамрагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин