Иракийн Ерөнхий сайдын амь насанд халдахыг завджээ
2021-11-08

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казымигийн амь насанд халдахыг завдсан хэрэг гарсан талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дрон ашиглан Ерөнхий сайдын ордон руу халдлага үйлдсэн бөгөөд энэ халдлагын улмаас Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй, харин долоон бие хамгаалагч нь шархадсан байна. 

 

Ерөнхий сайдын амь насанд халдахаар завдсан үйлдлийг дэлбэрэх төхөөрөмжтэй гурван дроноор гүйцэтгэсэн талаар Иракийн Аюулгүй байдлын алба мэдэгджээ. Энэ халдлагын өмнө Багдадын хотын төвд буудалцаан болсон гэнэ. Аюулгүй албаны мэдээлснээр, хоёр дроныг устгасан ч гурав дахь дрон нь Ерөнхий сайд гэртээ орсон үед хамгаалалттай нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн аж.

 

Энэ хэргийн дараа, Ерөнхий сайдын ордны дээвэр дээрээс дэлбэрээгүй үлдсэн төхөөрөмж олдсоныг саперчид аюулгүй болгожээ. Одоогоор энэ хэргийн хариуцлагыг өөр дээрээ авсан бүлэглэл гарч ирээгүй байна. Харин Ерөнхий сайд амь насанд нь халдахыг завдсан хүнийг мэднэ гэж мэдэгджээ. 

 

"Бид өчигдөр гэмт хэрэг үйлдсэн бүх хүнийг мөрдөн шалгана. Бид хэн гэдгийг нь сайн мэдэж байгаа, тэднийг ил болгоно" хэмээн Иракийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

 

Энэ хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Аль-Казымигийн ордон руу халдсан хэргийг мөрдөн шалгахад шаардлагатай бүхий л тусламжийг Иракийн талд үзүүлэхийг үүрэг болгожээ. Ирак дахь ардчилалд саад болж, хүчирхийлэл үйлдэж байгаа хэн бүхнийг эрс шийдэмгий буруутгана гэж Байден онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин