Афганистанд дэлбэрэлт болж, найман хүн амиа алджээ
2021-11-08

Афганистаны Нангархар мужийн төв Желалабад хотод дэлбэрэлт болж, олон хүн амиа алдаж, шархадсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын долооны ням гарагийн үд дунд Желалабад хотын цагдаагийн хэлтсээс холгүйхэн хоёр дэлбэрэлт болж, үүний дараа "Талибан" хөдөлгөөний дайчид болон "Исламын улс" бүлэглэлийн салбар болох "Хоросан дахь Исламын улс" бүлэглэлийн дайчдын хооронд буудалцаан болсон байна. Дэлбэрэлтийн улмаас найман хүн амиа алдсан бөгөөд тэд бүгд "Талибан" хөдөлгөөний гишүүд байсан гэнэ. Түүнчлэн 17 хүн шархаджээ. 

 

Эргэн сануулахад, талибууд засгийн эрхэнд гарснаас хойш Афганистанд халдлага гарах нь олширсон юм. Өнгөрсөн сарын эхээр гэхэд л Афганистаны Кундуз мужид байрлах шийтийн сүмд дэлбэрэлт болсны улмаас 100 орчим хүн амиа алдаж, олон хүн шархадсан. Талибууд засгийн эрхэнд гарсныхаа дараа шоронгоос олон алан хядагч сулласан нь өнөөгийн аюулт нөхцлийг бий болгосон гэж шинжээчид үзэж байгаа бол "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгдэл хийхдээ "Исламын улс бүлэглэл талибуудын хувьд толгойны өвчин болж байна" хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин