ҮЗЭСГЭЛЭН: Хорин нэгэн дара эх чуулна
2021-11-08

 

Дэлхийн урлагийн эрдэнэсийн санд монгол хүний оруулсан бодит хувь нэмэр хэмээн зүй ёсоор үнэлэгддэг бүтээлүүдийн нэг нь Г.Занабазарын урласан “Хорин нэгэн дара эх” баримал юм.

 

XVII зууны Монголын цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болсон "Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг “чуулган” болгож анх удаа дэлгэн толилуулах гэж байна. “Хорин нэгэн дара эх”-ийн чуулган тусгай үзэсгэлэн энэ сарын 9 буюу маргааш Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгдэнэ. 

 

Тус үзэсгэлэн нь уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэснээрээ өнөөдөр ч гэсэн урлаг судлаачдын анхаарлыг татсаар байгаа урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг хамтад нь, нэг дороос үзэх ховорхон боломжийг үзэгчид, та бүхэндээ олгож байна.

 

Бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, энэрлийн мишээлтэй, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, үзэсгэлэн гоо, идэр жавхаалаг төгс бүсгүйн байдлаар бүтээж ирсэн түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй сод бүтээлүүдийг дэлгэсэн "Хорин нэгэн дара эхийн чуулган" үзэсгэлэн энэ сарын 11 хүртэл олны хүртээл болно. 

 

 

Эх сурвалж: Соёлын яам

Shuud.mn
Сонин хачин
Ногоон дарь эхийн царай яасан өөр болчихоо вэ хөгширсөн юмуу дууриамал нь уу охин нь уу
2021-11-08