Г.Нарантуяа: Тайван жагсаал цуглаан зохион байгуулах үе шат, хэлбэрүүдийг хуулиар хамгаалах ёстой
2021-11-09

 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа.

 

Олон улсын хүний эрхийн өдөр удахгүй болох гэж байна. Та ажлаа хүлээж аваад яг нэг жил болж байна. Энэ хугацаанд ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн байна вэ?

 

-ХЭҮК-ийн гишүүд бүрэн эрхээ 2020 оны арваннэгдүгээр сарын 18-наас хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн жил улс орны хувьд онцлогтой байлаа. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирус халдварын дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдал зарласан. Цар тахлын тархалтыг хязгаарлах талаар төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үеэр хүний хувийн нууцыг дэлгэх зэрэг зөрчил гарсан, байгууллагуудын ажлын уялдаа холбоо, төлөвлөсөн арга хэмжээгээ авч хэрэгжүүлэх бэлтгэл муу, зарим арга хэмжээ нь хүнлэг бус арга хэлбэртэй байсан, иргэдийг мэдээллээр хангах байдал хангалтгүй байсан нь иргэдийн бухимдал дургүйцлийг төрүүлж, зарим ноцтой тохиолдолд хүний эрх зөрчигдөхөд хүрсэн. Ийм онцлог цаг үед ХЭҮК үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь шинэ багт сорилт байсан. Байгууллагын үйл ажиллагаа зүгшрэхийн тулд “гэрээ засах” хэрэгтэй, энэ чухал ажлыг “төрөө засалцах” эрчимтэй ажилтай зэрэгцүүлэн явуулах шаардлагатай болсон. Ерөнхийд нь дүгнэвэл өнгөрч байгаа нэг жил ХЭҮК цомхон боломж нөөцийнхөө хүрээнд бүх хүчээ дайчилж ажилласан. Алдаа, оноо аль аль нь байсан ч олж авсан нь давуу болуу.

 

Тухайлбал томоохон ямар ажлуудыг хийж амжуулав, ямар үр дүн гаргав?

 

-2021 онд ХЭҮК-ын 20 жил тохиож байгаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Комисс өргөн бүрэлдэхүүнээр ажиллах болсон, мөн Комиссын дэргэд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах шинэ бүтцүүд байгуулагдсан. Комисс 20 жилийнхээ босгон дээр хөгжлийнхөө нэг шинэ үе шатанд гарч байгаа, энэ эрх зүйн шинэтгэлийг үр дүнтэй болгох үүднээс санхүү, захиргаа, стратегийн цөөнгүй ажил хийсэн. Комиссын дотоод, гадаад орчин, алдаа, оноо, боломж, бэрхшээлийг хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлүүлж, ирэх 3 жилд бүрэн эрхийнхээ хүрээнд оновчтой шийдвэрлэж чадах үйл ажиллагааг тодорхойлон Стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Комиссын төсвийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах хэмжээнд нэмэгдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, үр дүн гарах хүлээлттэй байна. НҮБ-ын дэргэд Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбоо гэж нэгж ажилладаг, энэ нэгжээс НҮБ-ын гишүүн улс орнуудын манайх шиг байгууллагуудад хараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэхэд 5 жил тутамд үнэлгээ хийдэг. ХЭҮК-ыг энэ жил үнэлж, хараат бус буюу “А” үнэлгээ өгөх санал гаргасан. ХЭҮК-ын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй ажиллах, хүний эрхийн сурталчилгаа явуулах стратегийг шинэчилж, олон ажлууд эхлүүллээ. Гомдол шийдвэрлэх ажиллагааныхаа үр дүнтэй, шуурхай байдлыг дээшлүүлэх, хүний эрх зөрчигдөж болзошгүй гэнэт үүссэн нөхцөл байдалд ажиллах дотоод журмуудаа шинэчилж байна. Иргэний нийгмийн зөвлөлийнхөө үйл ажиллагааг сайжруулах үүднээс журмыг шинэчилж, үйл ажиллагааны төсөвтэй болголоо. Эдгээр бол зөвхөн “гэрээ засах” дотоод үйл ажиллагаа.

 

Гадагшаа, нийгэм уруу чиглэсэн ямар ажлууд хийв?

 

-Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газраас авч байгаа арга хэмжээ Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, Комисст ирсэн гомдлуудыг шалгаж, шийдвэрлэж, эрх бүхий байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгөх бол энэ жилийн голлох ажил байна. Тусгаарлалт, хөл хорио, дархлаажуулалт, халдварыг илрүүлэхэд технологи ашиглаж байгаа байдал зэрэг олон асуудалд дүгнэлт гаргаж, шаардлага, зөвлөмж, саналыг төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Хуульд зааснаар Комисс жил бүрийн нэгдүгээр улиралд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсруулж, УИХ-д хүргүүлдэг. Энэ жилийн 20 дахь илтгэлийг “Ковид-19 цар тахал ба хүний эрх” сэдвээр боловсруулж, 2021 оны гуравдугаар сарын 31-нд УИХ-д өргөн барьсан. Илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, тогтоол гаргасан. Мөн энэ онд эрүүл мэндийн салбар дахь хүний эрх, хугацаат цэргийн алба хаагчдын халдашгүй байдал, дүрмийн бус харилцаа, албадан хөдөлмөр, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалах тогтолцооны цөм байгууллага болох баг, хорооны хамтарсан багуудын үйл ажиллагаанд томоохон хяналт шалгалт, судалгаа, мониторинг хийж байна. ХЭҮК-т иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо эрс өссөн. Сүүлийн 3 жилд дунджаар 500-600 гомдол хүлээж авдаг байсан бол энэ оны 11 сарын байдлаар 1000 гаруй гомдол хүлээж авч, ажиллагаа явуулжээ. Мөн олон зуун цагийн хууль зүйн зөвлөгөө иргэдэд өгч, төдий хэмжээний хүний эрхийн сургалтыг олон даяар явуулсан байна.

 

ХЭҮК-ын бүтэц бүрэлдэхүүн, хүртээмжийн хувьд ямар байна вэ?

 

-Хангалтгүй. ХЭҮК бараг нийгмийн бүх салбарыг хамарсан өргөн мандатын хүрээнд хяналт шалгалт, судалгаа, сургалт, сурталчилгааны олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ ажлыг Улаанбаатар хотод 33, аймгуудад 21, нийт 54 хүний хүчээр гүйцэтгэдэг. 2021 онд манай ажилтнууд маш өндөр ачаалалтай ажиллалаа. Ковид-19 халдвар, холбогдох хүний эрхийн асуудал хурцадмал байгаа, зэрэгцүүлээд орхиж болохгүй нийгмийн, байгууллагын олон асуудал бий тул ачаалал даахаас гарцаагүй. Гэхдээ ийм үйл ажиллагаа бол урт хугацаандаа эрүүл, тогтвортой биш юм. Комиссын үйл ажиллагааны төсөв 1.4 тэрбум байдгаас 80 гаруй хувь нь цалин хөлс, байрны түрээс зэрэг захиргааны зардал. Төсвийн энэ доголдол олон жилийн урхагтай.

 

ХЭҮК-ыг анх байгуулахад НҮБ-аас үйл ажиллагааны ихэнх зардлыг санхүүжүүлж байсан нь улсын төсвийн санхүүжилт маш бага байх эхлэл болсон. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төсвөө Комисс өөрөө боловсруулж, УИХ-д хүргүүлдэг байх хүний эрхийн үндэсний байгууллагад мөрдөгддөг олон улсын жишигт нийцсэн зохицуулалт орсон. Хуулийн дагуу Комисс төсвөө боловсруулж, УИХ-д хүргүүлсэн боловч Сангийн яамнаас 2022 оны төсвийг одоогийн байгаагаас хасч, төсвийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн. Харин УИХ-аас энэ байдлыг засах арга хэмжээ авч байна, эерэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа.

 

 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуралдааны үеэр таны тавьсан илтгэл олныг талцуулаад байна?

 

-Талцал гайгүй байсан байхаа. Бид тогтолцоонд дүн шинжилгээ хийснээ үндсэн асуудал болгож танилцуулсан. Тухайлан иргэн Одбаяр, Монголхүү нарын асуудлаар явуулсан ажиллагаа, хууль зүйн дүгнэлтээ амаар, бичгээр бас танилцуулсан. Тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг эдлэх хууль зүйн болон практик баталгааг бий болгохын тулд бид тогтолцоогоо мөн чанараас нь эхлэж ярих ёстой юм аа. Комиссын дүгнэлтийг төрийн байгууллагууд, иргэд ойлгож, санал нэгдэх нь илүүтэй байна уу гэж харж байна. Монгол Улсад тайван жагсах хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх баталгаа хэврэг, энэ орон зай цаашид улам  хумигдах эрсдэлтэй байна гэж дүгнэсэн. Дүгнэлтээ нотлох баримт бидэнд хангалттай бий. Гол асуудал бидний хандлагад байна. Тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хэрэгжүүлэх боломжийг бий болгох үүрэгтэй төрийн албан хаагчид  жагсаал цуглааны мөн чанар, ач холбогдол, үнэ цэнийг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл жагсаалыг төвөгтэй, таагүй үзэгдэл учраас намжаах ёстой гэсэн хандлага түгээмэл байна. Гэтэл ардчилсан нийгмийн давуу тал нь иргэн үзэл бодлоо илэрхийлэх, төр үнэнийг олж харах боломж л юм, энэ үнэ цэнийг олон ургальч үзэл бодол, тайван жагсаал цуглаан олгодог. Сайн муу алин ч байсан олон үзэл бодлыг уралдуулдаг, бодлогын оновчтой шийдлийг тэндээс олж авдаг, эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь хяналттай, хязгаартай ажилладаг нь чөлөөт тогтолцооны мөн чанар, жагсаал цуглаан бол байдаг л ердийн үзэгдэл. Ийм хандлагаар хуулиа бичиж, хэрэгжүүлж, тайлбарлаж ёстой юм.

 

Цагдаагийн албан хаагчид хүний эрхийн асуудалд мэдрэмжгүй байна гэдэг шүүмжлэл их байна. Энэ талаар таны бодол?

 

-Цагдаагийн албан хаагчид одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд ажилладаг. Одоогийн хуулийн дагуу засаг дарга бүртгээгүй жагсаал, цуглаан хууль бус гэж үзсэн бол хууль бус цуглааныг албадан тараах эрх зүйн үндэслэл үүснэ. Олон улсын эрх зүйн хүрээнд өөр зарчим бий, түүнийг баримтлах боломжтой ч шүүх, захиргааны практик олон улсын гэрээг хэрэглэх зарчим, практик манай улсад төлөвшөөгүй байна. Цагдаагийн албаны өнөөгийн практик анхаарал татаж байгаа. Цагдаагийн албан хаагч жагсаал цуглааныг зохицуулах ерөнхий чиглэл авч байгаа болохоос тайван жагсаалыг хэрхэн дэмжиж, хүмүүст эрх чөлөөгөө эдлэх боломж олгох, ямар үед нь үйл явц хяналтад байна, ямар үед нь хяналтаас гарч, нийтийн дэг журам алдагдах эрсдэл үүссэн гэж үнэлэх, албадлагын арга хэмжээ авах тодорхой чиглэл өгөгдөхгүй байгаа юм.

 

Нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг, чиглэлийг нэгбүрчлэн тэмдэглэж, баримтжуулах, жагсаал цуглааны багахан хэсэгт эмх замбараагүй байдал үүсэхэд тухайн хэсэгт нь хэсэгчлэн арга хэмжээ авах гээд зохицуулалт олон улсын эрх зүйд бий. Цагдаагийн албан хаагчийг бэлтгэж, сургаж байгаа байдал, цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлого хамаатай. Цагдаагийн удирдах албан тушаалтныг ОХУ-д бэлтгэгдэж байна, чөлөөт, ардчилсан дэглэмтэй улс орнуудад мөн бодлогоор бэлтгэх нь зөв. Нөгөө талаас хэв журам сахиулж байгаа цагдаагийн албан хаагчид ямар нөхцөл байдалд үүргээ гүйцэтгэж байна, цуглаан тайван биш болж албадлагын арга хэмжээ авах шаардлагатай болсон тохиолдолд ямар нэг бүрийн тусгай хэрэгсэл, боломжоор хангагдсан бэ гэдгийг ч харгалзан үзэх хэрэгтэй.

 

Одоогийн мөрдөгдөж буй хуулиар жагсаал цуглаан зохион байгуулахдаа сум, дүүргийн засаг дарга нарт мэдэгддэг. 1994 онд батлагдсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ?

 

-Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал цуглааныг зохион байгуулагчид үйл явцад болох нутаг дэвсгэрийг харъяалах сум, дүүргийн Засаг дарга нарт мэдэгдэх, мэдэгдлийг нь гурав хоногийн дотор бүртгэх эсэхээ бичгээр мэдэгдэх журамтай. Тайван жагсаж, цуглах эрх чөлөөг хамгаалах зохион байгуулалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд жагсаал цуглааны цар хүрээ, үргэлжлэх хугацаа, явах маршрутын талаараа мэдэгдэх дэглэм дэлхийн улс орнуудад бий. Гэтэл манай одоогийн хуулиар жагсаалыг улс төрийн албан тушаалтан болох засаг дарга бүртгэх эсэх талаар шийдвэр гаргадаг, уг шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянах механизм байхгүй. Энэ зохицуулалт жагсаал цуглаанаас цэрвэх хандлагатай нийлээд ирэхээсээ ялангуяа улс төрийн өнгө аястай жагсаал цуглааныг хязгаарлах нөхцөл болдог. Үнэн хэрэгтээ зөвшөөрлийн тогтолцоо үйлчлээд байна гэж дүгнэсний учир ийм. Үүнээс гадна энэ хуулийг аяндаа үүссэн жагсаал, цахим акц зэрэг жагсаал цуглааны олон хэлбэрийг тусгаж, сайжруулах шаардлагатай. Өлсгөлөн зарлах эрх зүйн зохицуулалтыг мөн албадан хооллох зохицуулалтынх нь хамт бүхэлд нь эргэн харах хэрэгтэй байгаа юм.

 

Дараагийн нэг чухал асуудал бол жагсаал цуглаан зохион байгуулах үе шатуудыг хуулиар хамгаалах хэрэгтэй байгаа юм. Тайван жагсаал цуглаан зохион байгуулах нь хувь хүний эрх чөлөө боловч хамтаараа хэрэгжүүлдэг мөн чанартай. Ийм учраас жагсаал цуглааныг төлөвлөх, бэлтгэх, хөрөнгө босгох, зохион байгуулагчид харилцах, зохион байгуулах, дуусгах гээд үе шатуудыг бүхэл нь хамгаалахгүй бол жагсаж цуглахаар бусдыг уриалсан, харилцсан, хөрөнгө босгосон үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэл үүсч болзошгүй. Энд нэг асуудлыг онцлон хэлье. Хүний эрхийн хуулиар зөвхөн тайван жагсаал цуглааныг л хүний эрх чөлөө гэж хамгаалдаг. Хүчирхийлэл, дайн, тэмцэлд уриалсан, нийтийн хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэн, хүн амыг нэг хэсгийг үзэн ядахад чиглэсэн жагсаал цуглаан тайван биш учир хүний эрхийн эрх зүйн хамгаалалт эдлэхгүй юм.

 

Цагдаагийн албан хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж байгаа юу?

 

-ХЭҮК Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хүний эрх ба цагдаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулж эхлээд байна. Мөн Монголын Эмнести Интернэшнл ТББ-тай хамтран цагдаагийн албан хаагчдад зориулсан олон нийтийн эмх замбараагүй байдал, жагсаал цуглааны үед хүний эрхийн стандарт, хэм хэмжээг хэрэгжүүлэх талаарх сургалтын гарын авлага боловсруулж эхэлсэн, үе шаттай сургалтууд явагдана.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10
Жагсаал цуглаан бусад оронд бараг өдөр бүр болж л байдаг ардчилсан орон мөн юм бол
2021-11-09
Зочин:
Ядаж л төв талбай дээрээ жагсаал цуглаан хийхэд зөвшөөрөл хэрэгтэй биз дээ??? Бусад газар бол ч яахав бүртгүүлээд л болно биз. Улсын нэр сүр гэж нэг эрхэмлэж явмаар зүйл байдаг гэдгийг битгий мартаарай
2021-11-09
Зочин:
Жагсаал цуглаан хийх нь хүний эрх боловч бусдын эрхийг хүндэтгэх, жагсаал цуглаан хийж байгаа бол төрийн хамгалалтад байх ёстой. Зөвшөөрөлгүй, хамгаалалтгүй цугланаас болж ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцах вэ.
2021-11-09
ХУУЛЬЧИД:
ХУУЛЬ ГАРГАХААР Л БУРУУТААД БАЙХЫН. ЯМАР Ч ЗӨВШӨӨРӨЛ ЯМАР Ч ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ.ҮГ ХЭЛЭХ ЭРХЭЭ ХУУЛЬЧЛУУЛМААРГҮЙ БАЙНАА
2021-11-09