Г.Отгонтамир: Цагдаагийн 45 албан хаагч зам дээр үүрэг гүйцэтгэж байхдаа гэмтсэн

img

 

Энэ сарын 07-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан. Иймд энэ төрлийн гэмт хэрэг болон замын хөдөлгөөний дүрмийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа.  

 

Цагдаагийн албан хаагчийн биеийн байдал ямар байна вэ?

 

-Цагдаагийн албан хаагч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Урьдчилсан байдлаар нуруу нугасандаа гэмтэл авсан байж болзошгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байгаа. Гэмтлийн зэрэг тогтоогдсоны дараа тухайн жолоочийг шалгана.

 

Тухайн осол гаргасан жолооч нь согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын төрлийн зүйл хэрэглэсэн байсан уу?

 

-Архи согтууруулах ундаа, мансууруулах бодисын зүйл хэрэглээгүй байсан. Шалгалтаар санаатай эсвэл санамсар болгоомжгүй мөргөсөн байгаа эсэх нь тогтоогдоно. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.

 

Ер нь жилд дунджаар албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөж гэмтээсэн осол хэд гардаг вэ?

 

-Сүүлийн гурван жилийн байдлаар нийт 45 албан хаагч замын голд үүрэг гүйцэтгэж байх үедээ автомашинд мөргүүлж, хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн байдаг.

 

Амь насаа алдсан тохиолдол байдаг уу?

 

 -Харамсалтай нь 1970-2016 он хүртэлх хугацаанд 16 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа автомашинд мөргүүлж, амь насаа алдсан байна.  

 

Энэ төрлийн ослыг ихэвчлэн ямар хүмүүс гаргадаг вэ?

 

-Хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид ихэвчлэн санамсар болгоомжгүйгээр бага насны хүүхэд, явган зорчигчийг мөргөж гэмтээсэн, амь насыг нь хохироосон тохиолдлууд бий. Шалгалтын ажиллагаагаар тухайн тээврийн хэрэгсэлд зогсоох арга хэмжээ авсан эсэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоодог.

 

Ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

 

-Гэмтээсэн, хүний амь нас хохироосон тохиолдолд гэмтлийн зэргээс хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Ингээд шүүхийн шийдвэрээр тухайн буруутай жолоочийг торгохоос эхлээд биеэр эдлэх ял хүртэлх шийтгэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.

 

Замын хөдөлгөөний дүрэмд цагдаагийн албан хаагчийн бие зохицуулалтыг хэрхэн заасан байдаг вэ?

 

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа хангах зайлшгүй шаардлагатай.

 

Цагдаагийн байгууллагаас өдөр тутам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр уулзвар, гарц дээр үүрэг гүйцэтгэж ажилладаг. Энэ үедээ маш олон зөрчил илрүүдэг. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буйг, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байгаа зэрэг зөрчлүүдийг таслан зогсоож иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлж ажилладаг.

 

 

Замын хөдөлгөөний дүрмийн 8.13-т цагдаагийн албан хаагч бие зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, иргэд зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөнд оролцоно гэж заасан байдаг.

 

Уулзвар дээр үүрэг гүйцэтгэж хөдөлгөөнд хяналт тавьж байгаа цагдаагийн албан хаагчийг тухайн уулзвараар нэвтэрч байгаа жолооч тойрон гарна. Уулзвар бүрт хэвтээ тэмдэглэгээ болон уулзварын хилийг заасан тасархай шугам бий. Үүний дагуу жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж цагдаагийн албан хаагчийг тойроод гарах ёстой.

 

Мөн 27.4-т зам дээр үүрэг гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтанд ТӨҮК ажилтан, замын цагдаа, зам засварын ажилтнуудыг тодорхойлоод оруулсан байдаг.

 

Цар тахалтай холбоотойгоор хоёр жилийн хугацаанд сургууль цэцэрлэг танхимаар хичээллээгүй байсан. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хичээллэж байгаа. Үүнтэй холбоотойгоор замын ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулахад албан хаагчид хөдөлгөөнт зохицуулалт хийдэг.

 

Мөн коронавирус халдварын энэ үед эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийг цаг алдалгүй шуурхай саадгүй явуулах үүрэгтэй байдаг. Тиймээс хөдөлгөөн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх гэрлэн дохио зөрчихгүй, хөдөлгөөндөө соёлтой оролцох зайлшгүй шаардлагатай юм.

 

Манай улсын замын цагдаа л замын голд зогсож зохицуулалт хийдэг гэсэн ойлголт олон нийтэд бий?

 

-Манай улсын замын цагдаа л замын голд зогсож зохицуулдаг гэсэн ташаа ойлголт иргэдэд байдаг. Олон улсад энэ жишиг  бий. Жишээлбэл, ОХУ, БНСУ, Япон зэрэг маш олон улс оронд хөдөлгөөний ачаалал үүссэн үед цагдаа замын голд зогсож, зохицуулалт хийх үүрэгтэй байдаг. Тиймээс албан хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр уулзвар дээр үүрэг гүйцэтгэдэг.   

 

Цагдаа албан хаагч үүргээ биелүүлж байхдаа гэмтсэн тохиолдолд нөхөн олговор олгодог уу?

 

-Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, тухайн албан хаагчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгодог.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зам дээр пээдэгнээд ханхалзаад байхаа л больчих. Тормосгүй хог болцон төмрийн сэгнүүд зөндөө явж байгааг бүү март цаүдаа ахаааа
2021-11-10
zochin:
Ene Otgontamir gej tsagdaagiin ajiltan buduuleg haritsaatai hun baina bilee. Ymar ch soeolui deerengui etgeed baina bilee ajilaas n halah heregtei
2021-11-10
Баяр:
Цагдаа нь ихдээд бна.одоо цөөл цомхотго. Орон тоо төсвийн мөнгө хэмнэ. Пээдэлзээд л зам хөндлөн зогсоод л. Олигтойхон дохио занг өгдөг цагдааг та нар олж харсан уу. Соц нийгэмд ганц нэг цагдаа ямар мундаг байлаа. Нүд нь өлөн мөнгө хараад ичмээр....
2021-11-10