Хятадын эрх баригчид Төвөдийн сургуульд төрөлх хэлээр хичээл орохыг хоригложээ
2021-11-10

Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид Өвөр Монголын сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон тухай мэдээлэл гарч, үүнийг эсэргүүцсэн давалгаа манай улсад төдийгүй дэлхийн олон оронд гарч байлаа. Ажиглагчид Хятадын эрх баригчид угсаатны цөөнхийг өөртөө уусгах бодлогын хүрээнд ийнхүү монгол хэлээр боловсрол эзэмшихийг хориглож байна хэмээн үзэж байсан юм. Хятадын эрх баригчдын энэ бодлого үргэлжилсээр, энэ удаад Төвдөд хүүхдүүд төрөлх хэлээр хичээл үзэхийг хоригложээ. Энэ талаарх мэдээллийг Radio Free Asia дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын шинэ бодлогын хүрээнд Төвдийн хүүхдүүд сургууль дээрээ төдийгүй ангиас гадуур төвөд хэлээр хичээл үзэхийг хоригложээ. XIV Далай лам мэндэлсэн, Амдо нутагт байх Цинхай мужид өнгөрсөн сард төвөд хэлийг хориглосон байна. Хүн амын тооллогоос харахад энэ мужид сүүлийн жилүүдэд төвдүүдийн тоо өсөж, харин хань үндэстний тоо буурч байгаа нь ажиглагджээ. 

 

"Нэг ч хүн, нэг ч байгууллага сургуулиуд амарсан өвлийн амралтын үеэр төвөд хэлээр сургалт, семинар зохион байгуулахыг хориглосон. Энэ бол төвөд хэлийг устгах гэсэн оролдлого" хэмээн Цинхай мужид оршин суугч төвөд хүн Radio Free Asia-д ярьжээ.

 

Түүний өгүүлснээр, энэ хоригийг зөрчвөл "хуулийн дагуу хатуу арга хэмжээ" авах гэнэ. Ингэснээр бусад хичээлүүдийг хятад хэлээр зааж буй улсын цөөн сургуулиудад л төвөд хэлийг орох болжээ.

 

Хятадын эрх баригчид есдүгээр сард Хүүхдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр баталсан юм. Өмнө нь "төрөлх хэлээрээ боловсрол олж авах угсаатны цөөнхийн хүүхдүүдийн эрхийг хүндлэн, хамгаалах" гэсэн заалт хэрэгжиж байсан бол шинэ хөтөлбөрт энэ талаар огт дурдагдаагүй гэж VOA мэдээлсэн байна. Харин "үндэстний нэг хэлний бодлого"-оо өөрчлөн, угсаатны цөөнхийн хүүхдүүд төрөлх хэлээрээ биш гагцхүү хятад хэл дээр боловсрол олж авахаас өөр сонголт үлдээгээгүй аж.

 

VOA агентлагийн мэдээлснээр, долдугаар сард өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хүүхдийн цэцэрлэгт ч хятад хэлээр хичээл орж байгаа гэнэ. Хүүхдийн цэцэрлэгүүдэд хятад хэлээр хичээл орохыг ийнхүү шаардсан нь "бага наснаас хятад үндэстнийг бий болгох" гэсэн Хятадын эрх баригчдын төлөвлөгөөний нэг хэсэг гэж шинжээчид үзжээ.

 

Хятадын энэхүү бодлого нь угсаатны цөөнхүүд төрөлх хэлээрээ боловсрол эзэмшихийг дэмжих ЮНЕСКО-ийн бодлоготой харшилж байгаа юм. Энэ нь ЗХУ, Их Британи, АНУ зэрэг бусад орнууд ашиглаж байсан албадан уусгах стратегитай адилхан байна гэж шүүмжлэгчид үзжээ.

 

"Хүүхдүүд багаасаа төрөлх хэлээ ойлгон сурах явцыг сарниулах зорилгоор энэ төлөвлөгөөг боловсруулсан. Хэдийгээр хүүхдүүд бага насандаа нэгээс дээш хэл сурах чадвартай гэдгийг олон судалгаа баталсан ч хятад хэлийг зайлшгүй үзэх шийдвэр гаргасан нь төрөлх хэлийг устгах, цаашлаад хэлээр дамжин илэрдэг соёлын үнэт зүйлсийг үгүй хийж хятаджуулах алхам хийж байна " хэмээн Төвөдийн хүний эрх, ардчиллын төвийн судлаач Паюл Тензин Сангмо өгүүлсэн байна.

 

"Хятад үндэстний охид хөвгүүд"

 

Хятадын хэлний бодлого нь "Хятад үндэстний бүхий л охид, хөвгүүдийг" нэгтгэх Ши Жинпиний хүчин чармайлттай холбоотой юм. 2017 онд тэрбээр мэдэгдэл хийхдээ "бүхий л угсаатны Хятад ард түмнийг нэгтгэх, шинэ эринд Хятад онцлог бүхий социализмыг амжилттай хэрэгжүүлэх, цэцэглэн хөгжих нийгмийн бүх талын харилцааг бий болгоход тэднийг хөтлөх"-өө амалсан юм.

 

Энэ хүрээнд угсаатны цөөнхүүдийг төрөлх хэлээрээ боловсрол олж авахыг нь улам бүр хаан боож байгаа бөгөөд өвөр монголчуудын адилаар Төвдийн оршин суугчид, эцэг эхчүүд, хүний эрхийг хамгаалагчид ч энэ тал дээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байгаа ч Хятадын засгийн газар шийдвэр дээрээ хатуу зогсож байна. Өнгөрсөн наймдугаар сард гэхэд л төвд хэлээр хичээл орох хүсэлт гаргасан өсвөр насных хүү баривчлагдсан талаар хүний эрхийг хамгаалагчид өгүүлжээ.

 

Төвдөд өрнөж буй энэхүү өөрчлөлт уйгурчууд оршин суух Шинжаан төдийгүй Өвөр Монголд ч гарсан юм. Өнгөрсөн жил монгол хэл дээрх сурах бичгүүдийг мандарин хэлээр хэвлэгдсэн сурах бичгүүдээр солихыг Өвөр Монголд эсэргүүцэн, жагсаал цуглаан гарсны улмаас 5000 гаруй хүн баривчлагдаж байлаа.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Ийм өнцгөөс харвал худлаа л харагдаад байгаа юм даа.
2021-11-12
Түвдийн лам нар өдөр бүр маань уншаад нэмэр алгаа. Хоорондоо суухыг хориод одоо бүр хэлээ сурахыг ч хорьчихлоо
2021-11-10
Нөгөө далай лам нь мааниа уншиж улсаа авраач ээ нөгөө мундаг ид шид хаачсан бэ.
2021-11-10
уншигч:
Ийм өнцгөөс харвал худлаа л харагдаад байгаа юм даа.
Гэрт нь зааж, сургадаг ёс хятадад ч байна, тэд хаана ч явсан ингэдэг, сурмаар юм аа
2021-11-10
иргэн:
Явж байгаад дэлхийн бүх улс оронд Хятад хэлийг хориглох байхдаа.
2021-11-10