Цагаачдын хямралд Путинийг буруутгав
2021-11-10

Дэлхий даяар коронавирусийн цар тахалд л анхаарч байх зуур олон оронд үймээн самуун, тулаан үргэлжилж, дайны хөлөөс дайжсан олон мянган хүн харийн орныг зорьсоор байгаа юм. Тэдний нэг хэсэг нь Ирак, Сирийн дүрвэгчид. Дүрвэгчид ихэвчлэн Европын холбооноос аврал эрэн энэ нутгийг зорих бөгөөд тэд Беларусь, Польшийн хилээр дамжина. Сүүлийн өдрүүдэд энэ хоёр орны хилээр дамжих дүрвэгчдийн тоо эрс нэмэгдэж, цагаачдын хямрал үүссэний дээр Польш улс болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлж олон мянган цэрэг, цэргийн техникийг хил рүүгээ татсан юм. Байдал ийн ноцтойгоор эргэж байгаа энэ үед Литва улс ч  11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Беларусьтай залгаа хил дээрээ онц байдал тогтоожээ. 

Хил дээрх хямрал 

 

Беларусь, Польшийн хил дээр 2000-4000 орчим хүн цугларсан ч тэднийг Польш руу нэвтрүүлэхгүй байгаа юм. Улмаар цагаачид хууль бусаар хил нэвтрэхийг завдсаны улмаас тэдэн рүү нулимс асгаруулах хий цацаж, сануулах зорилгоор агаарт хий буудаж байсны дээр хил дээрх цэргийн тоог хэд дахин нэмэгдүүлсэн юм. Гэсэн ч энэ нь Европыг зорьсон цагаачдыг зогсоосонгүй.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө хоёр бүлэг цагаач иргэд Польшийн нутаг дэвсгэр рүү нэвтэрч чаджээ. Тус бүр нь хэдэн арван хүнээс бүрдэх "хоёр бүлэг цагаач иргэд" хилийн өргөст торыг тасдан Польшийн нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн бөгөөд тэдний заримыг нь Беларусийн тал руу буцаасан, үлдсэн нь Польшийн нутаг дэвсгэр дээр нуугдаж үлдсэн байна. Одоо тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Польшийн Хилийн хамгаалалтын газрын хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

АНУ: Хил дээрх хямрал бүс нутгийг тогтворгүй байдалд оруулна 

 

Польш-Беларусийн хил дээрх цагаачлалын хямрал бүс нутаг дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгож болзошгүй талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны Хэвлэлийн албаны дарга Жон Кирби мэдэгджээ. Хууль бус цагаачидтай холбоотой нөхцөл байдлын хариуцлагыг Беларусийн эрх баригчид үүрэх ёстой гэсэн Төрийн департаментын байр суурийг Америкийн Батлан хамгаалах яам дэмжиж байгаагийн дээр "энэхүү байж болшгүй үйлдлийг нэн даруй зогсоохыг уриалж" байгааг тэрбээр илэрхийлсэн байна. 

 

"Энэ нөхцөл байдал хурцдах эсвэл Европ тивд өөр асуудал сөргөлдөөн үүсэх хүртлээ даамжирахыг бид хүсэхгүй" хэмээн Кирби мэдэгджээ.

 

"Оросын тусламжтайгаар тоглож байна"

 

Европыг зорих цагаачдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Беларусийг зориудаар цагаачлалын хямрал үүсгэж байгаа талаар ЕХ удаа дараа буруутгаж байлаа. Тиймдээ ч Европын холбооны дорнод хил дээр цагаачлалын хямрал хурцадсантай холбогдуулан Беларусийн эсрэг шинээр хориг арга хэмжээ тавихаар бэлдэж байгаа талаар 11 дүгээр сарын есний өдөр ЕХ-ны төлөөлөгчид мэдэгджээ. Үүний зэрэгцээ өнөөгийн хямралыг хэрхэн шийдэх, үүнд хэн буруутай талаарх яриа ч хөвөрч эхлэв. Энэ ярианд Оросыг буруутгасан өнгө аяс давамгайлах болсон талаар DW агентлаг мэдээлжээ.

 

Германы хэвлэлүүдээр гарсан улс төрчдийн мэдэгдлүүдэд Александр Лукашенкогийн гол холбоотон нь ОХУ гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлжээ. Холбоотон улс болох хүрээнд ОХУ, Беларусь цаашид нэгдэх хэлэлцээрт гарын үсэг зурсан энэ үед өнөөгийн цагаачлалын хямрал гарсан нь зүгээр ч нэг тохиолдол биш гэж олон улс төрч үзсэн байна.

 

"Минскийн удирдагч Оросын тусламжтайгаар ёсзүйгүй аяглаж байна" хэмээн бундестагийн гишүүн Фридрих Мерц "dpa" агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. "Дүрвэгчдийг зориудаар хил рүү хүргэж, хууль бусаар хил нэвтрэхийг дэмжиж байгаа" хэмээн Мерц үзэж байгаа аж.

 

Түүнтэй ижил байр суурийг Холбооны дотоод хэргийн сайд Хорст Зеехофер ч илэрхийлжээ.

 

"Бид Польшийн засгийн газарт хил дээр эмх журам тогтооход нь туслах ёстой. Энэ бол Еврокомиссын ажил. Би шаардлагатай арга хэмжээ авахыг энэ комисст уриалж байна. Лукашенко Владимир Путиний дэмжлэгтэйгээр Барууныг тогтворгүй байдалд оруулахын тулд хүний хувь тавиланг ашиглаж байна. Тиймээс ЕХ-ны орнууд нэгдэх ёстой" хэмээн Хорст Зеехофер Bild сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Энд дуулгахад, 11 дүгээр сарын наймны өдөр Ойрх Дорнодоос ирсэн хууль бус цагаачид Беларусь-Польшийн хилд хүрч, хилийн зурвасыг нэвтрэхийг завдсан юм. Хил дээр 3000-4000 орчим хүн цугларсан гэж Польшийн засгийн газар мэдээлсэн байна. Польшийн тал тэднийг нэвтрүүлэхгүй байгаагийн улмаас цагаачид хилийн зурвасын хажууд хуаран үүсгэсэн бөгөөд тэднийг Беларусийн хүчний байгууллагууд хамгаалж байгаа аж. 

 

Европын холбооны дорнод хил дээрх цагаачлалын хямрал 2021 оны тавдугаар сараас эхтэй. Африк болон Ойрх Дорнодын цагаачид Беларусаар дамжин Польш, Литва, Латвийн хилээр олноороо нэвтрэх болсон. Европын орнууд энэхүү цагаачлалын хямралд Беларусь болон ОХУ-ыг буруутгадаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ улсын дэлхийг ноёрхох гэсэн хүсэл бүр хэрээс хэтэрч бүр сүүлдээ тусгаар улсын гал тогоо, гэрийн эзэн, авгай хүүхдийг нь хүртэл оролдох юм аа. Хор найруулах ажилд зарцуулах мөнгө өө өөр зүйлд туайлбал шинжлэх ухаан, ангаах эрүүл мэнд, инваци, байгаль орчин зэрэг зүйлүүдэд хөрөнгө, оруулалт хийвэл зүгээрсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд афгистан улсад хэдэн жил ямар их хөрөнгө, мөнгө зарцуулав. Ямар үр дүн гарав.
2021-11-10
Зочин:
Монгол шиг арчаагүй орнууд.
2021-11-10
йөб:
Хил давуул шууд л буудах хэрэгтэй
2021-11-10
Хаха. Путин байхдаа яахав дээ. Хэн арабд дайн дэгдээж , хэн баялгийг нь хуу хамж, дээрэмдэж, энгийн номхон иргэдийг нь эх орондоо амьдрах аргагүй болгосон бэ. Америк тэргүүтэй барууныхан шүү дээ.
2021-11-10
Зочин:
Монгол шиг арчаагүй орнууд.
Дүрвэгсэд гэсэн халтруудыг оруулах алба байхгүй. Өөрсдөө л шийдэг
2021-11-10