Саакашвили шүүхийн өмнө зогсов

Тбилиси хотноо Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг шүүх хурал эхэллээ. Өнөөдрийн шүүх хурал дээр 2007 оны 11 дүгээр сард сөрөг хүчнийхний жагсаалыг тараасан "Имеди" телевиз рүү халдсан хэргийн сонсгол болох аж.
Михаил Саакашвилиг Украинд байх үед нь 2018 онд Гүржийн шүүх түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хоёр хэрэгт зүйлчлэн буруутгаж, эчнээ хорих ял оноож байв.
2004-2013 онуудад Гүржийн төрийн тэргүүний алба хашиж байсан Саакашвили энэ оны 10 дугаар сарын нэгний өдөр эх орондоо эргэн ирсэн даруйдаа баривчлагдсан юм. Түүнийг улс төрийн сэдлээр баривчилсан гэж Саакашвили мэдэгдэн, хугацаагүй өлсгөлөн зарлан таван долоо хоног болсон. Саакашвилигийн өмгөөлөгчдийн өгүүлснээр түүний биеийн байдал эрс муудсан тул хорих газрын эмнэлэгт шилжүүлжээ. Мөн түүнийг хоригдсоноос хойш Тбилисид Саакашвилиг суллахыг шаардсан жагсаал гарсаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ