Вакцин тариулаагүй хүмүүс эмчилгээний зардлаа өөрсдөө хариуцна
2021-11-11

Дэлхий дахиныг бүрхсэн коронавирусийн цар тахлыг даван гарахын тулд улс орнууд халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлж, вакцины ач тусын талаар ухуулахын зэрэгцээ дархлаажуулалтад хамрагдах иргэдийнх идэвхийг дээшлүүлэх үүднээс төрөл бүрийн урамшуулал, хонжворт сугалаа зохион байгуулах зэргээр олон арга хэрэглэж байна. Харин зарим улс илүү хатуу арга хэмжээ авч, вакцин тариулаагүй хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх, торгууль оноох зэрэг иргэдийн "түрийвчтэй нь ярьсан" арга хэрэглэж эхэлсэн юм. Эдгээр орнуудын нэг нь Сингапур. 

 

Сингапур дархлаажуулалтын явцыг түргэвчлэх үүднээс шинэ журам тогтоожээ. Регнум агентлагийн мэдээлснээр, өөрийн хүсэлтээр дархлаажуулалтаас татгалзсан хүн коронавирусийн халдвар авбал эмчилгээнийхээ зардлыг өөрөө хариуцах тухай журмыг энэ хот улсын Эрүүл мэндийн яам гаргасан байна. 

 

Энэ нь урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй хүмүүст "чухал сануулга" болно гэж Сингапурын Эрүүл мэндийн сайд О е Кун мэдэгджээ. Түүний өгүүлснээр, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй хүмүүс бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал болж байгаа гэнэ.

 

Шинэчилсэн журам нь 12 хүртэлх насны хүүхдүүд болон эмнэлгийн заалтаар вакцинд хамрагдах боломжгүй хүмүүст үйлчлэхгүй. Харин нэг тундаа хамрагдаад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлыг энэ оны эцэс хүртэл улсаас хариуцах юм байна. Ингэснээр хүмүүсийг вакцины хоёр дахь тунд нэн даруй хамрагдах боломж олгож байгаа аж. Түүнчлэн, энэ онд багтаан 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар төлөвлөсөн талаар The Straits Times сонин мэдээлжээ.

 

Одоо Сингапурын бүх иргэд, оршин суух эрх авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг тус улсын засгийн газар бүрэн хариуцаж байгаа аж. Харин хилийн чанадаас эргэн ирснээсээ хойш 14  хоногийн дотор өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс эмчилгээний зардлаа өөрсдөө хариуцаж байгаа юм байна.

 

Одоогийн байдлаар, тус улсын 5,45 сая хүн амын 86 хувь нь дор хаяж нэг тундаа хамрагдсан бол 18 хувь нь нэмэлт тунд хамрагджээ. Сингапурт  Pfizer-BioNTech/COMIRNATY, Moderna болон Sinovac-CoronaVac гэсэн гурван төрлийн вакцин ашиглаж байгаа юм. Энэ улсын 40-69 насныхан хамгийн их вакцинд хамрагдсан буюу 95 хувь нь вакцин тариулсан бол 80-аас дээш насныхны 85 хувь нь вакцинд хамрагджээ. 

 

Сингапурын эрх баригчид вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүст хязгаарлалтын дэглэмүүдийг сулруулж, 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн хоолны үйлчилгээний газруудад вакцин тариулсан таван хүн нэг дор суун хооллох боломжтой болсон байна. Улмаар энэ сарын 29-ний өдрөөс эхлэн вакцины хоёр тунтай хүмүүсийг Финлянд, Швед рүү аялахыг зөвшөөрсний дээр вакцинд хамрагдсан хүмүүсийг багийн спортоор хичээллэхийг зөвшөөрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чи вакцин хийлгэсэн гэж бодож байна уу өөрийгөө? Эндүүрч
2021-11-12
Сингапурчууд бол маш сайн туршигдсан вакцин тариулж байгаа. Харин манайхан юу хийлгэлээ дээ? 2 тунтай нь ч хүндрээд цусаар хахаж цацаад эмнэлэгт очиж байна, зарим 2 тунтай нь хүндрээд 20 хоног эмнэлэгт хэвтсэн ч гарахгүй эмчилгээгээ үргэлжлүүлээд үлдэж байна.
2021-11-12
Чулуунбат:
Маш зөв...төр төмөр нүүрээ харуулсан дээр байхаа...Энэ хүмүүс ч хачин юм их ярих болж.
2021-11-11
Маш зөв арга хэмжээ байна төр засаг нь цар тахалаас урьдчилан сэргийлэх Вакцин хийлгэх асуудлыг шийдээд байхад тэнэглэл, мухар сүсэг, худал мэдээлэлийг илүүд үзсэн дуракууд үхэх нь үхэж үлдсэн хүмүүсээс нь эмчилгээний зардалыг авах хэрэгтэй монголд энэ арга хэмжээг нэн даруй хэрэгужүүл бэлэн туршлага байна.
2021-11-11
Чи вакцин хийлгэсэн гэж бодож байна уу өөрийгөө? Эндүүрч