С.Амарсайхан: Төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд даатгана

Үндэсний чанарын чуулган 2021 болж байна. Чуулганыг нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ.
Тэрбээр, “Засгийн газар байгуулагдсан цагаас хойш цар тахлыг даван туулахын тулд хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулах, эдийн засгаа сэргээх томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, дундаж давхаргыг бий болгох тогтолцоог улам боловсронгуй бөгөөд илүү шинэлэг болгох шударга ёс цахим засаглалыг бий болгож төрийн бүх шатанд авилга хээл хахуул хүнд сурталыг арилгахтай холбоотой мөн олон улсад авлигын индексээ бууруулах чиглэлээр томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Хэдийгээр нөхцөл байдал хүнд хэцүү амаргүй байгаа ч эдийн засгаа сэргээх цар тахлын хүндрэлийг сөрж дасан зохицож үндэсний эв нэгдэл хамтын ажиллагаа харилцан ойлголцол нэгдэн нийлэлтээр хохирол багатай даван туулах зайлшгүй шаардлага бий гэдгийг хэлье.
Засгийн газар төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг улам эрчимжүүлэх, цаашлаад шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлж байна.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотой 10 их наядын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ажлын байр хадгалж үлдэх ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих аж ахуй нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлж сэргээх олон зорилтуудыг тавьж ажиллаж байгаа бөгөөд тодорхой үр дүнд хүрч байна гэж дүгнэж байгаа. Гэхдээ хангалттай биш байгаа учраас цаашдаа гадаад дотоод хүчин зүйл, өөрсдийн давуу сул талыг тооцож, эдийн засгийн бодлогын тухай хуулийг шинээр санаачлан УИХ,Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого 2021-2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оноос шинэ сэргэлтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эдийн засгаа дорвитой үүсгэх боломж байгаа гэдгийг харж тооцоолол хийж байгаа. Гэхдээ өсөлтийг бий болгох, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бизнес эрхлэгчид, чанар стандартыг эрхэмлэгч аж ахуй эрхлэгчтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ. Тиймээс та бүхний оролцоо нэн чухал. Төр Засгийн зүгээс хүртээмжтэй эдийн засгийг хангах экспорт нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах эдийн засгаа сэргээх шинэчлэлийн үе шаттай ажлуудыг цааш үргэлжлүүлж эдийн засгийг уул уурхай гэж харах бус боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, хийн хоолой, аялал жуулчлал жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор нь дэмждэг бодлого баримталж байгаа. Үүнд томоохон үндэсний хэмжээний урд өмнө хэрэгжүүлж байгаагүй төслүүд орж байгаа. Ингэснээр ажлын байр нэмэгдэх, тогтвортой өгөөжийг урт хугацаанд бий болгох, технологийн болон боловсон хүчний чадавхийг нутагшуулах гэсэн ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлж байгаа.
Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэлдүүлэх, салбарыг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлэх ажил эрчимтэй явна. Үндэсний хэмжээнд чанарын дэд бүтцийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, чадамж дээшлүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд үзүүлж байгаа үр нөлөөг нь улам сайжруулахад Засгийн газраас нягт хамтран ажиллах болно" гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ