Хятад дельта штаммтай тэмцэж, хөл хорио тогтоож байна
2021-11-16

Бээжин хотын Хайдянь дүүргийн нэгэн орон сууцны оршин суугч Өвөр Монголоос хүлээн авсан илгээмжнээс коронавирус илэрсний улмаас энэ орон сууцны оршин суугчдыг хөл хорионд оруулж, орох гарах хөдөлгөөнийг бүгдийг нь хааж тусгаарласан талаар Global Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өвөр Монголоос ирсэн илгээмжнээс коронавирус илэрсний дараа тухайн орон сууцны бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулсны дээр, орчноос дээж аван шинжилгээнд илгээсэн байна. 

 

Илгээмжийг Өвөр Монголын Шилийн гол аймгаас Бээжингийн Хайдянь дүүрэг рүү илгээсэн бөгөөд илгээмжнээс авсан шинжилгээний хариу эерэг гарсны дараа илгээмжтэй харьцсан бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулахад сөрөг хариу гарчээ. Орон сууцыг бүхэлд нь тусгаарласны дараа "оршин суугчдыг цочирдох хэрэггүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадвал халдвар тархахгүй" гэж эрх баригчид мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн Өвөр Монголоос ирсэн илгээмжнээс коронавирус илэрсний дараа Бээжин, Тяньжинь, Хубэй мужуудын эрх баригчид оршин суугчдад хандан илгээмж хүлээн авахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.

 

Бээжингийн ариутгалын ахлах шинжээч Жан Любо хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийхдээ халдварын эрсдэл дунд болон өндөр байгаа бүс нутгуудаас илгээмж хүлээн авахгүй байх зэргээр илгээмжээр дамжин коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулжээ. Түүнчлэн илгээмж хүлээн авахдаа гадна баглааг сайтар ариутган, илгээмжийг задлахдаа бээлий, амны хаалттай байхыг анхааруулсан байна. 

 

Шинжээч: "Хятад хэсэгтээ л хилээ нээхгүй"

 

Хятадад коронавирусийн халдвар намжиж байсан ч өнгөрсөн сарын дундуур хэд хэдэн бүс нутагт дотоодын халдвар дахин дэгдсэний улмаас эрх баригчид ийнхүү аливаа тохиолдолд нэн сэрэмжтэй хандаж, хатуу арга хэмжээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 21 муж, бүс нутагт дотоодын халдвар дэгдсэнээс хамгийн их халдвар Далянь боомтод илэрчээ. Энд 11 дүгээр сарын дөрөвний өдрөөс хойш өдөрт 24 тохиолдол илэрч байгаа юм.

 

Энэ нь бусад орнуудтай харьцуулахад маш бага тоо хэдий ч халдварыг нэг мөр устгах бодлого баримталж байгаа эрх баригчдын хувьд түгшүүр дагуулж байна. Тиймдээ ч халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтагчдыг нарийн хянах, олон нийтийн газруудыг хаах, нийтийн тээврийг хязгаарлах зэргээр хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Мөн ирэх оны хоёрдугаар сард Олимп, Паралимп зохион байгуулагдах Бээжин хотод онцгой анхаарч, гадаадын иргэд болон гадаад улс оронд зорчоод ирсэн Хятадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж байлаа. Нэн шаардлагатай ажлаар Бээжин хот руу зорчих бол 48 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Энэ байдлаараа Хятад улс дахиад ч нэг жилийн хугацаанд гадаад ертөнцөд үүд хаалгаа нээхгүй нь гэж шинжээчид үзэж байна. 

 

"Хятад дахиад нэг жилийн хугацаанд хаалгаа нээхгүй гэж би бодож байна. Халдварыг дарах эрх баригчдын арга хэмжээг хүн ам ихээхэн дэмжиж байгаа. Тахал дэгдсэн улс орнуудад халдвар буурангуут хяналтаа сулруулаад, үүний дүнд дахиад л халдвар газар аваад байна. Цаашид вирусийг хяналтдаа оруулж чадахааргүй нөхцөл байдал үүсэхгүй л бол Коммунист нам арга барилаа өөрчлөхгүй" гэж Оксфорын их сургуулийн тархвар судлалын профессор Чэн Жэньминь өгүүлжээ. 

 

Түүний үзэж байгаагаар, эрсдэлийг хянаж, хэд хэдэн газрыг сонгон туршилт хийж болохоор байсан гэнэ. Өөрөөр хэлвэл, хатуу арга хэмжээнээс зайлсхийвэл ямар нөхцөл байдал үүсэх байсныг туршин мэдэх боломжтой, энэ нь ч хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлнө гэж профессор үзэж байгаа аж.

 

Хятад улс хилээ нээхээ хойшлуулж байгаагийн өөр нэг шалтгаан нь эрүүл мэндийн салбар гэнэ.

 

"Олон хотод одоо ч эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй. Өвчлөл багахан нэмэгдэхэд л эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болох бөгөөд энэ нь нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэж мэдэх юм. Тиймээс Хятадын эрх баригчид өнөөгийн бодлогоо хэр удаан баримтлах талаар урьдчилан таамаглахад хэцүү" хэмээн Стэнфордын их сургуулийн Улс төрийн төвийн захирал Жейсон Ван өгүүлжээ.

 

Нью-Йоркийн Олон улсын харилцааны зөвлөлийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Хуан Янжуны үзэж байгаагаар 2022 оны сүүлээр болох Коммунист намын ХХ хурал хүртэл өнөөгийн баримталж буй бодлого өөрчлөгдөнө гэж хүлээх хэрэггүй гэнэ. Энэ хурал болох хүртэл коммунист намынхан эрсдэл гаргах алхам хийхгүй гэж тэрбээр үзэж байгаа аж.

 

Тусгаарлалт

Хятад хоёр жил орчмын өмнөх хатуу арга хэмжээндээ эргэн шилжээд сар гаруй хугацаа өнгөрөв. Халдвар ихээр дэгдсэн Далянь боомтын ойролцоо байх их сургуулийн хотхонд 10 мянга гаруй оюутан тусгаарлагджээ. Дотуур байрнуудын ихэнхийг эрсдэл өндөртэй хүмүүст зориулан тусгаарлах байр болгосон талаар South Chine Morning post мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөл хорионы журам болон хугацаа хот бүрт өөр өөр байгаа гэнэ. Халдварын тохиолдлоос хамаарч эрх баригчид журмаа өөрчилдөг аж. Тухайлбал, Бээжин хотод зочид буудалд 14 хоног, дараа нь зочид буудал эсвэл гэртээ долоо хоног тусгаарлагдаад гарсны дараа эмнэлгийн хяналтад долоо хоног байна. 

 

Бээжин, Шанхай, Шэньжэн хотуудад зочид буудлуудын өрөөг тус хотод ирсэн зорчигчдын жагсаалт дээр үндэслэн цаанаас нь хуваарилах аж. Харин Гуанжоу болон зарим хотод хүмүүс үнэ тарифаас нь хамаарч өөрсдөө тусгаарлагдах өрөө сонгож болох гэнэ. Мөн энэ хотуудад ирсэн хүмүүс өөрсдөө зочид буудал руу явж болохгүй, яг л манай улсад хэрэгжүүлж байсан шиг журмаар, тэднийг онгоцоос буунгуут тусгай автобусанд суулган, цагдаагийн машин дагалдан явж буудал руу хүргэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятад улсад цар тахал бүх мужаар өргөн тархаж олон сая хятад иргэд цар тахалын халдвараар өвчлөх болно.
2021-11-16