COVID-19: Австрид таваас дээш насныхныг вакцинд хамруулж эхэллээ
2021-11-16

Австрийн нийслэл Вена хотын эрх баригчид коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажлаа өргөжүүлж, 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн талаар нийслэлийн бургомистр Михаэль Людвиг мэдэгджээ. 

 

"Өнөөдрөөс эхлэн Венад 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулах ажил эхэллээ" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. Людвигийн өгүүлснээр, өмнө нь энэ насныханд тусгай зөвшөөрөлтэй эмчийн заавраар л цөөн тооны хүүхдүүдэд вакцин тарьж байсан гэнэ. Хүүхдүүдэд Пфайзер вакциныг, насанд хүрэгчдэд зориулсан тунг гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээгээр тарьж байгаа аж.

 

Энд дуулгахад, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Австрид вакцинд хамрагдаагүй хүмүүст зориулсан үндэсний хэмжээний хөл хорио тогтоосон юм. Хөл хорионд вакцинд хамрагдаагүй, 12-оос дээш насны бүх хүн хамрагдах аж. Вакцинд хамрагдаагүй хүмүүс хүнсний дэлгүүр, эмийн сан орох, ажилдаа явах зорилгоор л гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин