Ши Жинпинь: БНХАУ, АНУ энх тайвнаар зэрэгцэн орших ёстой
2021-11-16

Мягмар гарагийн өглөө БНХАУ-ын дарга Ши Жинпинь болон АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нарын дээд хэмжээний уулзалт эхэллээ. БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр болж байгаа юм. Энэ үеэр талууд хоёр талт хамтын ажиллагаа, дэлхий дахинд тулгамдсан гээд олон асуудлыг хөндөн ярилцаж байна. 

 

Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинпинь Хятад АНУ хоёр харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагуудаа биелүүлэх ёстой хэмээн мэдэгджээ. 

 

"Хятад, АНУ нэгнээ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, дотоод үйл хэрэг төдийгүй олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой" гэж БНХАУ-ын дарга Ши Жинпинь мэдэгдсэнийг Хятадын Төв телевиз дамжуулжээ.

 

Түүнчлэн Хятад, АНУ уур амьсгалын өөрчлөлтөд үр дүнтэй нөлөөлөх, ковидын цар тахалтай тэмцэхийн тулд хоёр талт хамтын ажиллагаагаа хангах ёстой гэж Ши Жинпинь мэдэгдсэн байна. 

 

"Хятад, АНУ-ын харилцаа, олон улсын орчныг тогтвортой, энх тайван байлгах, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, коронавирусийн цар тахал зэрэг нийтлэг сорилтыг амжилттай даван гарахын тулд Хятад, Америкийн эрүүл, тогтвортой харилцааг хангах ёстой" хэмээн Ши Жинпинь цохон тэмдэглэжээ. 

 

Байден биечлэн уулзана гэж найдаж байна

 

Цахим дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гол салбарууд дахь олон улсын хамтын ажиллагааны чухлыг онцолсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.Америкийн төрийн тэргүүний өгүүлснээр, "уур амьсгалын өөрчлөлт зэрэг амин чухал даяаршлын асуудал" дээр хамтын ажиллагаа шаардлагатай гэнэ.

 

"Бид эрүүл ухаан дээр тулгуурласан хамгаалалтын хаалт тогтоох ёстой" хэмээн Байден мэдэгджээ.

 

Түүнчлэн АНУ, Хятадын эрх баригчид сөргөлдөөн гаргахгүй байх ёстой гэдгийг Байден цохон тэмдэглэсэн байна. Хоёр орны өрсөлдөөн сөргөлдөөнд хүрэхгүй байхын тулд АНУ, БНХАУ-ын эрх баригчид бүхнийг хийх ёстой гэж Америкийн Ерөнхийлөгч онцолжээ.  

 

"АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүний хувьд бидний үүрэг бол манай хоёр орны хоорондын өрсөлдөөн санаатай болон санамсаргүйгээр сөргөлдөөн болох даамжирахгүй байх нөхцлийг баталгаажуулах ёстой. Гагцхүү энгийн, шууд өрсөлдөөн л байна" хэмээн Байден мэдэгджээ. 

Мөн дараагийн удаад Ши Жинпиньтэй биечлэн уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

 

"

Shuud.mn
Сонин хачин