Л.Чой-Иш: Сав баглаа, орцын хомстолоос шалтгаалж, гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн
2021-11-16

Манай улсад 100 хувь дотоодын үйлдвэрлэл гэж байхгүй. Тиймдээ ч урд, хойд хөршийн хил хаагдахад захын лангуу хоосорч, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байна. Улаанбуудайг хангалттай тариалдаг учраас гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэж таамагладаг ч үнэндээ орц найрлага, сав баглаа боодол нь импортоос хараат учраас нийлүүлэлт нь тасалдаж, үнэ нь өсч байна. Тэгвэл цаашид ч энэ байдал үргэлжлэх үү гэсэн асуултыг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс тодрууллаа.  

 

 

-Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна. Уг нь гол түүхий эд улаанбуудай нь дотоодод хангалттай байна. Гэтэл яагаад энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөөд байна вэ. Энэ бодит өсөлт мөн үү?

 

-Гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа. Бид гурилан бүтээгдэхүүний орцод судалгаа, дүгнэлт хийж үзсэн. Ургамлын тос, элсэн чихэр, чанамал зэрэг орцуудын үнэ нэмэгдэж, хомстол бий болсон нь үнэ өсөх шалтгаан болсон. Дээр нь сав баглаа, боодлын дутагдал үнэд нөлөөлсөн. Тухайлбал, Талх чихэр компани гэхэд сав баглаа, боодол нь гацсанаас байгаа нөөцдөө тохируулж нийлүүлэлт хийсэн. Сүүлдээ Атар талхныхаа савлагааг сольсон байгаа.

 

-БНХАУ цаашид хилээ хэзээ ч хаачихаж магадгүй нөхцөл байдалтай байна. Тэр бүрт бид сав баглаа, боодолгүй гэсэн “зовлонтой” байх уу. Их хэмжээгээр татан авах боломжгүй юу?

 

-БНХАУ-ын үйлдвэрлэлд 03, 04, 05 дугаар саруудад саатал үүсэх магадлалтай байгаа. Тиймээс бид урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүний гол орц, сав баглаа боодол, бөглөөг нөөцлөх зөвлөмж өгөөд байна. БНХАУ-аас авах бол их хэмжээгээр татах эсвэл өөр орноос нийлүүлэх боломжийг судлах чиглэл өгөөд байна.

 

-БНХАУ-д халдвар дахин тархаж, зарим бүсүүдэд хөл хорио тогтоогоод байна. Энэ хөл хорио бидний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлөх үү. Нөөц бүрдүүлж байна уу?

 

-Одоогийн байдлаар хамгийн найдвартай нь төмөр замын тээвэр байна. Гэвч ачааллаас үүдэн хязгаарлагдмал байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, нүүрсний барьцалдуулагч, шатахууны араас хүнсний бараа бүтээгдэхүүнээ татан авч байгаа. Эрээний боомт нээгдсэн ч ачаалал үүснэ. Тиймээс Ханги Мандал, Гашуунсухайт, Бичигтийн боомтоор хүнсний бараа бүтээгдэхүүнийг татах авахаар явуулын лаборатори байгуулж байна. Энэ боомтуудаар олон улсын баталгаат лабораториор баталгаажсан бараа бүтээгдэхүүнийг анхны үзлэг хийгээд шууд нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатарт ирээд гүний хяналт хийлгэе гэсэн бүтээгдэхүүнийг шууд оруулна. Харин шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг газар дээр нь хяналт хийхээр явуулын лабортори ажиллуулж байна.

 

-Энэ гурван боомтоор хүнсний бараа бүтээгдэхүүнийг татаж эхэлсэн үү?

 

-Одоогийн байдлаар Бичигт боомт хөдөлгөөнд ороогүй байна. Ханги Мандал өнөөдрөөс ажиллах төлөвтэй байна. Гашуунсухайт бол тогтмол ажиллаж байгаа. Гэхдээ ачаа бараа Эрээн дээр бөөгнөрсөн байгаа учраас бусад боомт руу татан авахад тодорхой цаг хугацаа, зардал гарч байна.

 

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дэлхийн зах зээл дээр хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-30 хувь нэмэгдсэн гэж байна. Тэгвэл манай улсад ямар хэмжээгээр нэмэгдэв?

 

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ маш их өсөлттэй байгаа. 2021 оны 01 дүгээр сараас хойш 20-30 хувиар өсөөд байна. Нийт бүтээгдэхүүний үнийн индекс коронавирусийн өмнөх үе буюу 2019 оноос 33.2 хувийн өсөлттэй байна. Үүнд ургамлын тосны үнийн өсөлт илүү нөлөөлсөн. Ургамлын тосны үнийг 2020 оны 08 дугаар сартай харьцуулахад 84 хувиар өсөөд байна.

 

Манай улс дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс сэргийлэх бодлогыг байнга барьж ирсэн. Ингэхдээ нийт нийлүүлэлтийг хангалттай сайн байлгаж, үнийн өсөлтийг барих бодлоготой байсан. Гэвч 2020 оны 11 дүгээр сараас зарим бүтээгдэхүүн, тухайлбал өндөг, ургамлын тос зэрэг импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Харин энэ жил өндөгний үнэ өсөхгүй, хэвийн нийлүүлэлттэй байгаа.

 

-Нарийн ногооны нийлүүлэлт хэвийн болсон уу?

 

Хүнсний ногооны хувьд Эрээний боомт хаагдаж, нийлүүлэлтийн гажиг үүссэнээс нарийн ногооны үнэ өссөн. Гэхдээ бид тээврийн зохицуулалт хийж, үнийг тодорхой хэмжээгээр буулгасан. Манай улсаас 98 аж ахуйн нэгж нарийн ногоо, жимс импортолдог. Тэд ачаагаар өөрсдийн тээврээр татаж авбал бүтээгдэхүүний үнэ буурах боломж байгааг бидэнд хэлсэн. Тиймээс бид Эрээнээс Замын-Үүд хүртэлх вагоны захиалгыг хийж өгсөн. Замын-Үүдэд орж ирсний дараа импортлогч аж ахуйн нэгжүүд өөрсдийн тээврээр татаж аваад, зах зээлд нийлүүлсэн. Үнээ ч тодорхой хэмжээгээр бууруулсан. Одоогийн байдлаар 35 вагон орж ирсэн. Бид 60 вагон орж ирвэл үнэ тогтвортой болно гэж харж байгаа.

 

-Ургамлын тосны дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, УИХ-д оруулна гэж байсан. Энэ хуулийн төсөл аль шатанд яваа бол?

 

-Засгийн газарт хараахан оруулаагүй байна. Ургамлын тосыг дотооддоо үйлдэрлэх боломж байна. Манай улс импортын ургамлын тосонд 27 сая ам.доллар зарцуулдаг. Үүнийг дотоодын үйлдвэрлэлд шингээх боломжтой. Тосны ургамлын тариалалттай. Гэхдээ дотоодын үйлдвэр хөл дээрээ босч чадахгүй байна. Тэдэнд эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна. Тиймээс гааль, НӨАТ-аас чөлөөлбөл богино хугацаанд дотоодын үйлдвэрлэлтэй болно гэж тооцсон.

 

-Дотоодод цагаан будаа тариалсан мэдээтэй байна. Ер нь цагаан будаа тарьж, дотоодын хэрэгцээг хангах боломж бий юу?

 

-Манай улс цагаан будааг 100 хувь импортоор авдаг. Жилдээ 30 сая ам.долларын цагаан будаа авдаг. Нийт 16 000 га талбайд цагаан будаа таривал дотоодын хэрэгцээг хангах боломжтой. Дулааны баланс, хөрсний чанар, техник технологиос хамаараад тариалалт хийх бүс нутаг маань хязгаарлагдмал. Бидний тооцоогоор Алтайн нурууны өвөр тал буюу Баянхонгор, Говь-Алтай аймгийн зарим сумд, Ховд аймгийн урд талын сумд дулааны баланс сайтай, хөрсний хувьд тариалалт хийх боломжтой байна. Баянхонгор аймагт нэг аж ахуйн нэгж туршилтаар тарьж, 2 га газраас 10 тонн цагаан будаа хурааж авсан байгаа. Бид удахгүй энэ талаар танилцуулна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин