Азербайжан Арменитай энхийн хэлэлцээр байгуулахад бэлэн
2021-11-17

Азербайжан харилцаагаа хэвийн болгож, Арменитай энхийн гэрээ байгуулахад бэлэн байгаа гэнэ. Энэ талаар НҮБ-ын дэргэдэх Азербайжаны суурин төлөөлөгч Яшар Алиев НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр үг хэлэхдээ мэдэгджээ. 

 

"Арменитай харилцаагаа хэвийн болгох, тэр дундаа бат бэх энх тайван, хөгжил, дэвшлийг хангах энхийн гэрээ байгуулах замаар харилцаагаа тогтворжуулахад бэлэн байгаагаа Азербайжан илэрхийлж байна" Яшар Алиев мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр "олон улсын хүлээн зөвшөөрсөн хил хязгаарын хүрээнд нэг нэгнийхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрч, хүндлэх дээр суурилсан хоёр орны хоорондын харилцааг хэвийн болгох "-ыг Азербайжан чухалчилж байгаа гэнэ. 

 

Эргэн сануулахад, Уулын Карабахын харьяаллаас үүдэлтэй хоёр талын нутаг дэвсгэрийн маргаан удаа дараа сөргөлдөөн, зэвсэгт мөргөлдөөнийг үүсгэж байлаа. Өнгөрсөн онд ширүүн тулалдан, олон сар дайтсаны эцэст гал зогсоож байсан хоёр талын сөргөлдөөн саяхан дахин хурцдаж Килисали хилийн уулын бүсэд мөргөлдөөн гарсаар байсан юм. Улмаар Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Армени болон Азербайжаны Батлан хамгаалахын сайд нартай утсаар хэлэлцсэний дараа цэргийн ажиллагаа зогссон байна.

 

Уулын Карабах дахь хямрал: 

1988 он- Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхлэв.

1988 оны 07 дугаар сарын 12. Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргаж байжээ.

1988 оны 09 дүгээр сар. Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэв.

1991 оны 04, 05дугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

1994 оны 05 дугаар сарын 05. Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ.

2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм.

2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр 28 дахь удаагийн уулзалт Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Арменийн хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв.

2020 оны 07 дугаар сарын 12. Нөхцөл байдал дахин хурцдав. Мөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны тал 11 цэргийн алба хаагчаа алдсан бол Арменийн талаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, 10 цэрэг шархадсан гэж мэдэгдэж байлаа.

2020 оны 09 дүгээр сарын 27. Ээлжит дайн эхэлж, 10 дугаар сарын сүүл хүртэл үргэлжилсэн юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин