Цагаачдын хямрал: Хил дээрх дүрвэгчдийг эргүүлэн татаж байна
2021-11-18

Польш-Беларусийн хил дээр 10 өдөр орчим хугацааг өнгөрүүлсэн цагаачид эд юмсаа баглан, түр хуаранг орхиж байгаа талаар Польшийн эрх баригчид мэдэгдсэн бол Александр Лукашенко, Ангела Меркель хил дээрх нөхцөл байдлыг дахин ярилцаж, Европын холбоо дүрвэгсдэд зориулан 700 мянган еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. 

 

Хил дээрх нөхцөл байдал

 

Польшийн Дотоод хэргийн дэд сайд Мацей Васикийн өгүүлснээр, Беларусийн эрх баригчид дүрвэгчдийг татан авахаар тусгай автобусууд илгээжээ. Энэ нь "Брузгим-Кузница" хилийн шалган нэвтрүүлэх боомтын бүс орчимд нөхцөл байдал хурцадсанаас хойш Беларусийн талаас анх удаа авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

 

Олон нийтийн сүлжээгээр тарсан дүрс бичлэгнүүд дээр хувийн эд зүйлээ барьсан цагаачдыг Беларусийн тусгай албаныхан зохицуулан, дүрвэгчид урт цуваа үүсгэн хилээс явж байгаа нь дүрслэгджээ.  Одоогоор хил дээрх түр хуаранд хичнээн хүн үлдсэн нь тодорхойгүй байна.

 

Цагаачид хил дээр олноор бөөгнөрч, Польшийн тал тэднийг хил нэвтрүүлэхгүй байгаагийн улмаас өнгөрсөн хоногуудад хилчид болон цагаачдын хооронд олонтаа сөргөлдөөн үүсэж байлаа.

 

Өнгөрсөн мягмар гарагт гэхэд л хэд хэдэн цагаач Польшийн хил рүү хүчээр дайрахыг завдан, цагдаа болон цэргийнхний машин руу чулуу нүүлгэж, үүний хариуд цэргүүд усан буу, нулимс асгаруулах хий ашигласан байна. Энэ мөргөлдөөний улмаас аль аль талаас гэмтэж бэртсэн хүн гарсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Мөн лхагва гарагт шилжих шөнө хэсэг дүрвэгч хил нэвтрэх гэж оролдсон, энэ байдал хэдэн сар, хэдэн жилээр ч үргэлжилж болзошгүй гэж Польшийн Батлан хамгаалахын сайд мариуш Блащак мэдэгдсэн байна. 

 

Ийнхүү сөргөлдөөний талбар болсон хил орчмоос иргэдээ авахаар улс орнууд ажиллаж эхэлжээ. Тодруулбал, өнөөдөр, 11 дүгээр сарын 18-ны пүрэв гарагт Иракийн агаарын тээврийн компаниуд Польш-Беларусийн хил дээр гацсан иргэдээ татан авахаар нислэг үйлдэхээр болсон байна. Өмнө нь Орос дахь Иракийн төлөөлөгчийн газарт 200 орчим хүн хандаж, эх орондоо буцах хүсэлт гаргажээ. 

 

Лукашенко, Меркель нар юу ярилцав? 

 

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон Германы канцлер Ангела Меркель нар энэ долоо хоногт хил дээрх нөхцөл байдлын талаар хоёронтоо утсаар хэлэлцлээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. Тэд утсаар ярилцахдаа Беларусь, Европын холбооны төлөөлөгчид оролцсон хэлэлцээрийг нэн адруй зохион байгуулж, Герман руу нэвтрэх хүсэлтэй цагаачдын асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ. 

 

"Утсаар ярих үеэр Беларусийн талтай идэвхтэй хамтран ажилладаг, дүрвэгч, цагаачдын асуудалд анхаарал тавьж буй олон улсын байгууллагуудыг хэлэлцээрт зайлшгүй оруулах хүсэлтийг Лукашенкод тавьсан" гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Европын холбоо цагаачдыг нэвтрүүлэх хүсэлгүй байгаа ч тэдэнд гар сунгахаар шийдсэн байна. Ингэснээр Беларусийн хил дээр гацсан дүрвэгчдэд зориулан 700 мянган еврогийн тусламж үзүүлэхээр болжээ.

 

Үүнээс 200 мянган еврог Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг рүү илгээж, эдгээр олон улсын байгууллагууд хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл худалдан авч, дүрвэгчдэд хүргэн өгөхөд тусламжийн мөнгө зарцуулагдах юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
солонгос явсан дээрээ.
2021-11-18
Ану японд ажиллах хүч дутагдаад байхад монголчууд яагаад ажилгүйдэл ихэссэн солонгос ру зүтгээд байна
2021-11-18
Зочин:
солонгос явсан дээрээ.
Зочин:
Айлын хүүхдүүдийг тухайн айлуудад эргүүлэн өгөх шаардлагатай. Айлын хүүхдүүдийг тухайн айлууд нь тэжээх ёстой.
2021-11-18